З.Мэндсайхан: Төсвийн тодотгол батлагдвал арваннэгдүгээр сарын 1-нээс 450 мянган ахмадын тэтгэвэр ₮1.1 сая болно

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг долоо хоногийн дотор хэлэлцэхээр болоод буй.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан энэ жилийн төсвийн тодотголын хүрээнд юуг өөрчлөх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төсвийн тодотгол хоёр үндсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нэгт иргэдийн орлогыг хамгаална, хоёрт стратегийн нөөц бүрдүүлэх үнийн өсөлтийг хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн жилийн батлагдсан зардал 33 их наяд төгрөг байсныг нэмээгүй. Цалин хөлсийг нэмэгдүүлээд ороод ирэхээр инфляцад хэрхэн нөлөөлөх вэ гэж асууж байна. Үүнийг ярихын тулд суурь шалтгаанаа эхнээс нь ярих ёстой.

Өнгөрсөн онд Засгийн газар УИХ-д 2026 оны төсвийг өргөн барьсны дараа боловсрол, эрүүл мэндийн салбарын цалингийн өсөлтийг шийдсэн. Нэг ёсондоо УИХ боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг өсгөх шийдвэр гаргахдаа зардлыг төсөвт тусгаж өгөөгүй. Тэгэхээр Засгийн газар боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөвт суугаагүй дутагдаж буй зардлыг үйл ажиллагааныхаа зардлыг танах байдлаар шийдвэрлэнэ.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хаягдчихсан байсан. Төрийн үйлчилгээний салбарын цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалингийн хэмжээнд авч ирнэ. Төсвийн тодотголоор 80.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулна. Эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувь нэмэгдүүлнэ.

Геополитикийн хүндрэлтэй асуудал эрчим хүчний болон түлш шатахууны үнийн өсөлт зэрэг нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Инфляцад хамгийн их нэрвэгддэг хүмүүс бол манай ахмадууд. Засгийн газрын хаврын чуулганаар өргөн барьсан тэтгэврийн багц шинэчлэлийн хүрээнд суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бий болгосон хуулийн үйлчлэл 2027 оноос хэрэгжих ёстой байсан.

Эдийн засгийн хүндрэлтэй үед ахмадуудын орлогыг хамгаалах зорилгоор хуулийн хэрэгжилтийг 2026 оны арваннэгдүгээр сараас эхлүүлэхээр оруулж ирсэн. Төсвийн тодотгол батлагдвал 450 мянган ахмадын тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 1.1 сая орчим төгрөгт хүрнэ. Мөн 2027 он гарсны дараа инфляцтай уялдуулаад ахмадын тэтгэврийг нэмэгдүүлээд явна" гэв.