Иран улс өндөр хэрэглээтэй иргэдийнхээ бензин шатахууны үнийг өсгөж байгааг зарлалаа

Газрын тосоор баян Иран улсын иргэд засгийн газрынхаа татаасын ачаар дэлхийд хамгийн хямд үнэтэй бензин шатахуун хэрэглэдэг.

Гэвч цөмийн хөтөлбөртэй холбоотой Өрнөдийн авсан хориг арга хэмжээний улмаас сүүлийн жилүүдэд газрын тос боловсруулах хүчин чадал нь буурч, дотоодын зах зээлээ хангаж дийлэхгүй болоод байна.

Ням гарагт Техраны эрх баригчид иргэддээ бензин шатахуун худалддаг гурван шатлалт квотын системийг шинэчилж, өндөр хэрэглээтэй иргэдийн тарифыг өсгөж байгааг зарлажээ.

Ираны квотын систем нь тухайн сард худалдаж авсан эхний 60 литр шатахууны литр тутамд 1,500 туман, дараагийн 50 литрийн литр тутамд 3,000 туман, үүний дараа литр тутамд 5,000 туманы үнэтэй байдаг.

Туман нь Ираны 10 риалтай тэнцэх албан бус нэгжийн нэр юм.

Ням гарагт засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажерани гуравдугаар шатлалын тариф хоёр дахин нэмэгдэж, литр тутам нь 10,000 туман (4.5 цент) болж байгааг зарлажээ.

“Есдүгээр сарын 8-ны өглөөнөөс эхлэн тариф 10,000 туман риал болно. Салбарын мэргэжилтнүүдийн уулзалтаас өөр өөр саналууд гарсан ч ерөнхийлөгч ард түмэндээ амласан ёсоор 10,000 туман дээр тогтлоо” гэж Мохажерани хэлжээ.

Харин нэг болон хоёрдугаар шатлалын тарифууд хэвээр үлдэх юм байна.

Иран бол дэлхийд хамгийн хямд бензин шатахуун хэрэглэдэг улсуудын нэг юм. Тиймээс үнэ тарифын өөрчлөлт улс төрийн хувьд маш эмзэг сэдэв байдаг.

Ням гарагийн байдлаар Ираны хар зах дээр нэг ам.доллар 2.2 сая гаруй риалтай тэнцэж байлаа. Дайн эхлэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 28-наас өмнө энэ ханш 1.7 сая риал байсан юм.

АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг томоохон эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард зарласан.

Тиймээс риалын ам.долларын эсрэг ханш цаашдаа улам суларч, бензин шатахууны үнэ тариф өсөх магадлал нэмэгдэж байна.

Эх сурвалж AFP