Австралид анх удаа нас барсан хүнийг мөөгөөр хийсэн авсанд оршуулжээ

Австралид анх удаа нас барсан нэгэн эмэгтэйг байгальд ээлтэй мөөгөөр хийсэн авсанд оршуулжээ.

70 настайдаа бие барсан Каролиныг гэр бүл, найз нөхөд нь Баасан гарагт тус улсын Нью Соут Уэльс мужийн Блью Маунтайнс дүүргийн Спрингвүүд оршуулгын газарт нутаглуулсан байна.

Ингэхдээ талийгаачийг Нидерландын Loop Biotech компанийн мөөгний үндэс болон олсны ширхгээр ургуулж бүтээсэн авсанд оршуулжээ.

Авсыг температур, чийгшлийн хяналттай тусгай өрөөнд хөгц хэлбэрээр ургуулж, бүрэн хэлбэржүүлэхэд ердөө долоо хоног зарцуулдаг гэнэ.

Оршуулсны дараа уг авс ердөө 45 орчим хоногийн дотор хөрсөнд бүрэн шингэдэг ажээ. Энэ үйл явц хөрс бордохтой адил бөгөөд шарил болон авс аажмаар задарч, хөрсийг шим тэжээлээр баяжуулдаг байна.

Харьцуулбал ердийн модон авс ингэж бүрэн задрахад 50 жил шаарддаг гэнэ.

“Тэр маань үргэлж бусдын төлөө хүн байсан. Нас барсныхаа дараа ч гэсэн бусдын төлөө ямар нэг зүйл хийнгээ байгальд буцан шингэж байгаа нь түүний хувьд хамгийн зөв шийдэл мэт санагдаж байна” гэж талийгаачийн нөхөр Дональд ярьжээ.

Каролин нь мөөгөөр бүтээсэн авсанд оршуулагдсан Австралийн анхны хүн бол Европ, АНУ даяар хэдэн мянган хүн ийм аргаар оршуулагдсаныг Loop Biotech компанийн үүсгэн байгуулагч Боб Хендрикс хэлж байна.

“Таван жилийн өмнө намайг эхэлж байхад Австралиас маш олон хүн сонирхож байсан. Гадаад руу тээвэрлэхэд бага зэрэг хүндрэлтэй байлаа” гэж тэр хэлжээ.

Нэг бүр нь 30 кг орчим жинтэй мөөгөн авс задрах үйл явцыг богиносгож, Австралийн оршуулгын салбарыг байгальд ээлтэй болгон өөрчлөхөд чухал үүрэгтэй гэж Хендрикс үзэж байна.

Одоо Австралийн иргэдийн 70 орчим хувь чандарлах аргыг сонгодог. Гэхдээ нэг шарилыг чандарлахад дунджаар 125 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгардаг гэнэ. Хүмүүс улам шашин шүтлэггүй болж, урт удаан насалж, оршуулгынхаа талаар бодож төлөвлөх хугацаатай болсон тул цаашдаа байгальд ээлтэй арга замууд улам дэлгэрнэ гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian