Монголын 20 хүртэлх насны шигшээ баг хэсэгтээ хоёр дараалан ялснаар тивийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Монгол Улсын залуучуудын шигшээ баг 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “I” хэсэгт амжилттай өрсөлдөж, хэсгийн тэргүүн байраар шалгарлаа. Эхний тоглолтдоо 7:0 харьцаатай Умард Марианы Арлуудын багийг бут ниргээд байсан бол хэсгийн хоёр дахь тоглолтоо Гуамын багтай хийж 3:0 харьцаатай илүүрхэн хожлоо.

Энэ тоглолтод Монголын багаас Н.Эрдэнэбаатар 16’, Жэйсон Ёндонжамц 34’, Б.Хабул 66’ нар гоол оруулсан байна. Япон улсаас ирж шигшээ багтаа тоглож буй Н.Эрдэнэбаатарын хувьд хоёр тоглолт дараалж нээлтийн гоолыг торгуулийн талбайн гаднаас цохиж оруулсан онцлох тоглолтыг үзүүлэв. Энэ 1,724 үзэгч ирж баг тамирчдаа уухайлан дэмжжээ.

Монголын багийн дасгалжуулагч Марко Ражини багийнхаа хувилбарыг 4-4-2 болгон өөрчилсөн нь оновчтой шийдвэр болов. Нягт хамгаалалт, бөмбөг эзэмшилтээс хурдан довтолгоо, гүнээс уралдуулсан алсын дамжуулалтаар довтолгоонуудаа явуулсан нь үр дүнгээ өгсөн юм. Дасгалжуулагч тоглолтын дараа хэлэхдээ “Миний хөлбөмбөгийн боловсролоо эзэмшсэн Итали улсад эхлээд гоол алдахгүй байх нь чухал. Гоол оруулах бол дараагийн зорилго байдаг. Манай баг тоглолтоос тоглолтод дэвшил гаргаж байна. Тактик сайн хэрэгжиж, хүссэн үр дүнгээ авлаа. Тэднээр бахархаж байна” гэсэн юм.

Шигшээ багийн хувьд хоёр тоглолтод дараалж хожихдоо нийт 10 гоол оруулахын чацуу хаалгандаа гоол алдаагүй гэсэн онцлох үзүүлэлт байв. Ингэснээр манай баг хэсгээ тэргүүлж дараагийн буюу 2029 оны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас тоглох эрхээ авлаа.