Балба-Төвөдийн хил дээр тохиосон үерийн гамшгаас ес хоногийн дараа хонгилд дарагдсан хоёр ажилчин амьд гарлаа

Балба-Төвөдийн хил дээр тохиосон үерийн гамшгаас ес хоногийн дараа усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байгаад хонгилд дарагдсан хоёр ажилчин амьд гарчээ.

Өнгөрсөн долоо хоногийн үерт хамгийн их нэрвэгдсэн бүс нутгийн нэг болох Тришула 3А усан цахилгаан станцын хонгилд явуулсан аврах ажиллагааны үеэр тэднийг аварсныг Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Ража Рам Баснет мэдээлсэн юм.

Эхлээд мастер ажилчин Санжай Шахыг аварсан бол дараа нь төслийн удирдагч Кабир Махаржан аврагдаж, Тришула дахь цэргийн хуаранд хүргэгджээ.

Тэднийг уулын хонгилын 170 метр гүнээс гаргаж авсан байна.

Аврах ажиллагааны үеэр хүний цогцос олдсон бөгөөд хэн болохыг нь тогтоогоогүй байгааг Балбын цагдаагийн ажилтан мэдээлжээ.

Баасан гарагийн үдээс хойш хонгилд амьд хүн үлдсэн өөр шинж тэмдэг илрээгүй тул аврах ажиллагааг зогсоосон байна.

Хонгилоос аврагдсан Шах хамгийн түрүүнд “Өнөөдөр хэдний өдөр вэ?” гэж асууж байжээ.

Тэрбээр гамшгийн үеэр хонгилын хяналтын өрөөнд 40-45 хүний хамт байсан гэнэ. “Би хяналтын өрөөнд байсан тул хүмүүсийн амийг аврах үүрэгтэй байлаа. Гэвч цаг хугацаа алдсан тул эцэст нь би өөрөө ч гарч чадаагүй” гэж тэр сүүлд ярьжээ.

Шах хонгилд дарагдсан байхдаа тайвшрахын тулд тарни уншиж, цагийг өнгөрөөж байсан гэнэ. Энэ үеэр тэр гурав, дөрвөн хүний дуу хоолойг сонсож байжээ.

“Бид бие биетэйгээ холоос хашхирч харилцаж байсан. Тэдний зарим нь гарч чадаагүй байх” гэж Шах хэлсэн юм.

Тэднийг Катманду хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд Шахын биеийн байдал тогтвортой, харин Махаржан хүнд байгаа тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ.

Балба болон Хятадын газар нутгийн Төвөдийн хэсэгт хайлсан уулын мөсөн голд үүссэн нуралт асар их хэмжээний ус, хөрс, хад чулууг хөндий рүү урсгасан юм.

Энэ гамшгийн улмаас 1,287 хүн амиа алдаж, 5,000 гаруй хүн сураггүй алга болсныг Балбын албаныхан мэдээлж байна.

Бхотекоши, Тришула голуудын сав дагуу хэрэгжиж байсан усан цахилгаан станцын төслүүдийн ихэнх нь энэ үеэр сүйрсэн юм.

Аврах ажиллагааны хүрээнд Балбын талд нийт 270 гаруй хүн амьд гарчээ.

Тришула 3А усан цахилгаан станцын төслийн хонгилын амыг олохын тулд аврагчид бараг зургаан өдрийг зарцуулсан юм.

Балбын эрчим хүчний салбарынхны мэдээлснээр уг төсөл дээр ажиллаж байсан 550 орчим хүн сураггүй болоод байна.

Хималайн нурууны өндөрлөгт хэрэгжиж буй усан цахилгаан станцын 12 төслийн нийт 900 орчим ажилчин сураггүй болжээ.

Эх сурвалж: AFP