Гавьяат Ц.Хосбаярын дасгалжуулагчаар ажиллах эрхийг МОНАДА-гаас түр хугацаагаар түдгэлзүүлжээ

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Хосбаярыг шүүхээс хориотой эм бэлдмэл бусдад худалдсан гэм буруутайд тооцсон билээ.

Шүүхээс Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ₮5,4 саяар торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар өнгөрсөн тавдугаар сард шийдвэр гаргаж байв.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тамирчдад Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад орсон хориглосон бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн.

Допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан. Үүнд:

2.4.6 тамирчин эсэхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсэхүл хориглосон аргыг эзэмших;

2.4.7 тамирчин эсэхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсэхүл хориглосон аргыг худалдах эсэхүл худалдахыг завдах;

2.4.9 тамирчин болон бусад этгээд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчих, зөрчихийг оролдох үйлдэлд хамтран оролцох, эсэхүл хамтран оролцохыг завдах.

2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 2026/ШЦТ/920 тоот Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тогтоолд нь тухайн этгээдийн эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх, түүнд оногдуулах спортын үр дагаврыг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэнэ.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн дасгалжуулагч Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлж, 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн.

Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тухайн этгээд Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар болон нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсэхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.

Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байна. Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА