Онлайн орчинд тархсан “бэлэг эрхтний хулгайч”-ийн тухай цуурхлын улмаас Африкийн орнуудад 80 гаруй хүн алагджээ

BBC агентлагийн дэлхий даяар тархсан хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба (Global Disinformation Unit) Африк тивийн зургаан улсын цагдаагийн байгууллагаас цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн 2025 оны аравдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл хугацаанд онлайн орчинд тархсан “бэлэг эрхтний хулгайч” гэх цуурхлын улмаас 80 гаруй хүн бусдын гарт алагдсаныг тогтоожээ.

“Эрэгтэй хүний мөрөн дээр хэн нэг танихгүй хүн товшиход бэлэг эрхтэн агших, эсвэл бүр алга болж байгаа” тухай цуурхал хүчтэй тарсан нь ийм эмгэнэлт явдалд хүргэсэн байна.

Сошиал орчинд тарсан ийм цуурхалд итгэсэн хүмүүс Африкийн хэд хэдэн оронд бусдыг “бэлэг эрхтний хулгайч” хэмээн сэжиглэж, олноороо бүлэглэн зодож, зарим тохиолдолд амийг нь хөнөөж байжээ.

Ийм үйл явдлын зарим дүрс бичлэгүүдэд танихгүй хүнтэй харилцсаны дараа бэлэг эрхтэн болон төмсөг нь алга болсон, эсвэл агшиж хатсан гэх эрчүүд буруутныг хайж олоод алдсан эрхтнээ буцааж өгөхийг шаардан зодож байгааг харуулсан байна.

Африкийн алс бөглүү нутгийн ард иргэдийн дунд элдэв мухар сүсэг, чөтгөр шулмын хорлолын тухай итгэл үнэмшил, айдас түгээмэл байдаг. Харин энэ нь сошиал медиагийн тусламжтай улам газар авсан байна.

“Бэлэг эрхтний хулгайч”-ийн тухай цуурхал анх Ардчилсан Конго улсад эхэлжээ.

Яваандаа энэ нь Бурунди, Замби, Танзани, Мозамбик, Ангол, Малави, Кени зэрэг бүс нутгийн улсуудад тархсан байна.

Эдгээрээс Мозамбик улсад нөхцөл байдал хамгийн их хүндэрч, “бэлэг эрхтний хулгайч” хэмээн сэжиглэгдсэн 55 хүн зургаан долоо хоногийн дотор бусдын гарт алагдсаныг тавдугаар сард тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Мозамбикийн ерөнхийлөгч Даниэл Чапо худал цуурхал тарсны улмаас хүний амь нас үрэгдсэнийг буруушааж, хэн нэгний эрхтэн алга болсон гэх яриа анагаах ухаанаар батлагдаагүйг мэдэгдэж байв.

Хамгийн сүүлийн тохиолдолд долдугаар сард Кени улсын эргийн Квале, Момбаса мужуудад таван хүн бухимдсан хүмүүсийн гарт амь үрэгджээ.

Эх сурвалж: BBC