"Аичи-Нагояа 2026" спортын наадмыг гурван телевиз шууд дамжуулна

Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын 20 дахь наадам энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.

Тус наадамд шар тивийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 45, Азийн наадмын тусгай багаас бүрдсэн нэг нийт 46 багийн 15,000 гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөхөөр болж, өнгөрсөн долоо хоногт тамирчдад төрийн далбааг гардуулах ёслол болсон билээ.

Тэгвэл энэ удаагийн наадамд ажиллах спортын сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачдад сурвалжлах мандатыг нь гардуулж өглөө. 20 дахь удаагийн Азийн олимпод манай улсаас нийт 50 спортын сэтгүүлч ажиллана.

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгч амжилт хүсэв.

Монголд албан ёсны эрхтэйгээр ”Сүлд”, “NSports”, “Тэнгэр” телевиз энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-нийг дуустал эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.