Дани улс орчин үеийн түүхэндээ анх удаа Гринланд арал руу цэргийн хүч илгээв

АНУ-ын дарамт шахалтад орсон Дани улс орчин үеийн түүхэндээ анх удаа цэргийн хүчээ Гринланд арал руу илгээсэн нь Умард туйлын бүс нутагт байр сууриа бэхжүүлэх зорилготой алхам болжээ.

Ерөнхийлөгч Трамп дэлхийн хамгийн том арлын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа Дани улсын эрх баригчдыг байнга шүүмжилж, тус нутгийг АНУ-ын бүрэлдэхүүнд ямар нэг аргаар оруулах санаагаа олон удаа илэрхийлсэн.

Тэгвэл өөртөө засах эрхтэйгээр бүрэлдэхүүнд нь оршдог Гринланд арал руу Дани улс эхний ээлжийн цэргүүдээ илгээхэд хугацаат цэргийн алба хаагчид багтсан байна.

Зорилго нь стратегийн өндөр ач холбогдолтой тус арал дээр ажиллагаа гүйцэтгэх чадвартай цэргийн хүчийг бий болгох гэнэ.

Цэргүүд тус арал дээр зохион байгуулагдах “Arctic Endurance” нэртэй сургуулилалтад оролцож, эрс тэс хүйтэн цаг агаартай нөхцөлд дасан зохицох, байлдааны ажиллагаа явуулах арга техникт суралцах юм байна.

Гринландыг олон жилийн турш хайхрахаа больсон байсныг батлан хамгаалахын сайд нь хүлээн зөвшөөрсний дараа Данийн засгийн газар тус арлын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд олон тэрбумыг зарцуулахаар болсон юм.

Данийн зэвсэгт хүчний энэ ажиллагаа туйлын бүс нутагт НАТО-гийн хэрэгжүүлэхээр санаачилсан “Arctic Sentry” хөтөлбөрийн нэг хэсэг болж байна.

НАТО-гийн энэ санаачилгыг Умард туйлын бүс нутагт хамгийн том цэргийн хүч төвлөрүүлдэг Орос улсын эрх баригчид мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлсэн алхам хэмээн шүүмжилж байгаа.

Хятад улс бас ашигт малтмалын арвин нөөцтэй энэ бүс нутагт үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй.

Орос, Хятад улсуудын түрэмгийллээс сэргийлэх зорилготой гэж Гринланд арлыг Дани улсаас салгаж авах үндэслэлээ Трамп тайлбарладаг.

Эх сурвалж: Reuters