Нидерланд улс геополитикийн эрсдэлээс сэргийлэхийн тулд АНУ, Канадаас 86 тонн алтаа Лондон руу татав

Нидерландын төв банк Лхагва гарагт АНУ, Канадаас 86 тонн алтны нөөцөө Лондон хот руу шилжүүлжээ.

Үүнийгээ тэд “геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж” байгаатай холбоотой авсан арга хэмжээ гэж тайлбарласан байна.

“Хямралын үед бид Лондонд байгаа нөөцөө Нью-Йорк, Оттавад байгаагаас илүү хурдан ашиглах боломжтой. Энэ алхмаараа бид алтны нөөцийн хөрвөх чадварыг сайжруулж байна. Бид алтны нөөцөө ашиглах шаардлага хэзээ ч гарахгүй гэж үзэж байгаа ч бэлэн байдлаа бэхжүүлэх шаардлагатай” гэж DNB банкны ерөнхийлөгч Олаф Слейпэн мэдэгджээ.

Тус банкны алтны нөөцийн хэмжээ 2025 оны эцэс гэхэд 612.4 тонн болж, 72.2 тэрбум еврогоор үнэлэгдсэн байна.

Энэ удаагийн шилжүүлэлтээс өмнө Нидерландын төв банкны алтны нөөцийн 31.3 хувь Нью-Йорк хотод, 19.7 хувь Оттава хотод хадгалагдаж байжээ.

Харин шилжүүлгийн дараа хоёр хот тус бүр Нидерландын алтны нөөцийн 18.5 хувийг хадгалдаг болж байна.

Харин Лондон хотод ногдох хувь 18.1 хувиас 32.1 хувь болон нэмэгджээ. Нидерландын төв банк нийт нөөцийнхөө 30.8 хувийг өөртөө хадгалдаг юм.

Шилжүүлгийг зарах болон авах, биетээр тээвэрлэх гэсэн хоёр аргыг хослуулан гүйцэтгэжээ.

Тухайлбал 27 тонн алтыг АНУ, Канадаас нисэх онгоцоор Нидерландын Зейст хотод тээвэрлэн хүргэж, дараа нь Лондон руу шилжүүлсэн байна.

Нөөцийн алтны тээвэрлэлт болон зарах/авах ажиллагаа энэ оны гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд хэрэгжиж дууссаныг төв банк мэдээлжээ.

Cite Gestion Private Bank банкны шинжээч Жон Плассард энэхүү ажиллагааг Нидерландын эрх баригчид хямралын үед алтны нөөцдөө хүрэхэд хялбар, хурдан байх зорилготой гэж дүгнэж байна.

Бас дэлхийн бусад төв банкнууд Нидерландын энэ жишгийг дагавал АНУ-д итгэх итгэл алдагдаж болзошгүйг тэр анхааруулжээ.

Энэ оны эхээр Германы эрх баригчид бас Нью-Йорк дахь алтны нөөцдөө санаа зовж байгаагаа илэрхийлж байсан. Гэвч Бундесбанк одоохондоо уг нөөцөө хөдөлгөхгүй байх шийдвэр гаргаж байв.

Эх сурвалж: AFP