Хунтайж Харри, түүний гэргий Меган нар АНУ-аас явсанд баяртай байгаагаа Трамп илэрхийлжээ

Лхагва гарагт ерөнхийлөгч Дональд Трамп зургаан жилийн дараа хунтайж Харри гэр бүлийн хамт АНУ-аас Их Британи руу буцаж нүүсэнд “баяртай” байгаагаа илэрхийлжээ.

“Би үүнд баяртай байна. Би угаасаа тэдний шүтэн бишрэгч биш” гэж Трамп өчигдөр Цагаан ордонд энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Харри, Меган нар 2020 онд Британийн хааны гэр бүлийн эрх ямбанаасаа татгалзаж, бие даан амьдрахаар АНУ-ын Калифорни муж руу нүүж байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт тэд хүүхдүүдийн хамт удаан хугацаанд амьдрах зорилгоор Их Британид суурьшжээ.

“Би тэднийг хааны гэр бүлийн бусад гишүүдтэй маш их хүндэтгэлтэй харьцдаг гэж боддог байсан. Тиймээс би тэдэнд дургүй болсон” гэж хэлсэн Трамп талийгаач хатан хаан Элизабет болон одоогийн хаан Чарльз нартай тун сайхан харилцаатай байдгаа илэрхийлжээ.

Энэ үеэр тэр Меганыг онцгойлон шүүмжилсэн юм. “Түүний үйлдэл надад таалагдаагүй. Тэр үнэхээр хааныг үл хүндэтгэсэн” гэж Трамп хэлжээ.

АНУ-д нүүж ирснийхээ дараа хос хоёр Опрагийн шоунд оролцохдоо хааны гэр бүл тэдэнтэй таагүй харилцаатай байсан тухай ярьж байсан юм.

Тухайлбал хар арьст ээж, цагаан арьст аавтай Меган жирэмсэн байхдаа хүүхдийнх нь арьсны өнгө ямар байх бол хэмээн хааны гэр бүлийнхнээс санаа зовдог байснаа ярьж байжээ.

Ярилцлагын дараа Харригийн ах, хунтайж Уилльям гэр бүлээ өмөөрч, “бид арьс өнгөний үзэлтнүүд биш” хэмээн мэдэгдэж байлаа.

Харри ярилцлагын үеэр хэвлэлүүдийн хэл ам, гэр бүлийнх нь аюулгүй байдлыг Британийн засгийн газар хангаж чадаагүй зэргийг нүүх шалтгаан болсныг тайлбарлаж байжээ.

Британид буцаж ирсэн Харри, Меган нар хааны гэр бүлийн гишүүд хэвээр үлдэх ч үүнийхээ төлөө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй байх төлөвтэй байна.

Ойрынх нь хүний мэдээлснээр тэд Лондон хотын гадна хаа нэгтээ суурьшиж, долоон настай хунтайж Арчи, таван настай гүнж Лилибет нарыгаа Британийн сургуульд сургахаар төлөвлөжээ.

“Хэрвээ би хааны гэр бүлд байсан бол тэднийг буцаан хүлээж авахгүй байсан” гэж Трамп өчигдөр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters