Depository of News

Фолкландын арлуудын орчимд газрын тосны хайгуул явуулах төслийг Аргентин улс зогсоож чадсангүй

ikon.mn · world

Фолкландын арлуудын (Аргентины тал Мальвиний арлууд гэж нэрлэдэг) ойролцоо хэрэгжих газрын тосны хайгуулын төслийг зогсоох Аргентины хүсэлтийг НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын шүүх няцаажээ. Аргентины засгийн газар Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Фолкландын арлуудын харьяаллын талаар маргаан үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр Sea Lion төслийг зогсоохыг шаардсан юм. Их Британийн тал энэ нэхэмжлэлийг удаа дараа няцааж байв. Бямба гарагт Далайн Эрх Зүйн Олон Улсын Шүүхийн ерөнхийлөгч газар нутгийн маргааны асуудлаар хайгуулын ажлыг зогсоох нь буруу гэсэн шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Шийдвэрийг тус шүүхийн гишүүд 18-3 харьцаатайгаар дэмжсэн байна. Шийдвэр гарсны дараа Аргентины ерөнхийлөгч Хавьер Милэй "энэ бол эцсийн шийдвэр биш" гэж хэлээд "Фолкландын арлууд бол Аргентины газар нутаг" гэж мэдэгджээ. Энэ сарын эхээр Хамбург хотод Их Британийн хууль эрх зүйн үндэслэлийг танилцуулсан Англи, Уэльсийн ерөнхий прокурор Элли Рийвз BBC-д өгсөн ярилцлагадаа уг шийдвэрийг "үнэхээр чухал" бөгөөд "Их Британийн засгийн газрын хувьд тодорхой ялалт" болсон гэж хэлсэн байна. Өмнө нь Рийвз гадаад хэргийн сайд Эд Милибандтай хамтарсан мэдэгдэлдээ Аргентин улсаас тус нутаг дэвсгэрийн эсрэг явуулж буй "өргөн хүрээтэй эдийн засгийн дарамтаа зогсоохыг" уриалж байв. Энэ нь 1982 онд Фолкландын арлуудын төлөө хоорондоо 74 хоног дайтаж байсан Их Британи, Аргентин улсуудын хамгийн сүүлийн дипломат маргаан болж байна. Фолкландын арлуудаас 209 км орчим зайд орших Sea Lion газрын тосны орд нь ойролцоогоор 1.7 тэрбум баррель нөөцтэй гэгддэг. Их Британийн Rockhopper Exploration болон Израилийн Navitas Petroleum компаниуд хоёр жилийн дотор тус ордыг олборлож эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь эдгээр арлуудын 3,500 орчим оршин суугчдад асар их орлого олох боломж юм. Гэвч Аргентины засгийн газар маргаантай далайн бүсүүдийг олон улсын хуулиар хамгаалдаг тул Фолкландын арлуудын ойр орчимд ийм үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж үзэж байгаа. Аргентины тал энэхүү газрын тосны өрөмдлөгийн төсөлд гол үүрэгтэй оролцож буй таван хүнийг хориг арга хэмжээгээр шийтгэхээ мэдэгдсэн юм. Гэхдээ хориг арга хэмжээнд хэн хэн хамрагдах нь тодорхой болоогүй байна. "Зорилго нь тодорхой. Манай нөөцийг хууль бусаар ашиглахад оролцсон хүмүүс үр дагаврыг нь хүлээх болно" гэж Милэй мэдэгдэлдээ дурджээ. 1982 онд болсон 10 долоо хоногийн дайн нь Аргентины зэвсэгт хүчин Фолкландын арлууд дээр газардаж, газар нутгийн нэхэмжлэл гаргасны дараа эхэлсэн бөгөөд Британи улс тэднийг хөөхөөр цэргээ илгээж байв. Энэхүү мөргөлдөөнд Британийн цэргийн 255 албан хаагч, арлын гурван оршин суугч, Аргентины 649 цэргийн албан хаагч амиа алдсан юм. Аргентин улс ялагдал хүлээсэн ч Фолкландын арлуудын газар нутгийн маргаанаа олон жилийн турш янз бүрийн арга хэлбэрээр үргэлжлүүлсээр иржээ. Их Британийн засгийн газар эдгээр арлуудыг өөрийн газар нутаг мөн бөгөөд арлын хүн ам өөрсдөө хувь заяагаа тодорхойлох эрхтэй гэж үздэг. 2013 оны бүх нийтийн санал асуулгаар арлын оршин суугчдын 99.8 хувь нь Британийн нутаг дэвсгэр хэвээр үлдэхийг дэмжиж, ердөө гурван хүн эсэргүүцэж байжээ. Эх сурвалж: BBC

Read full article →