Гол, нуурын мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явах хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа
Өвлийн улиралд гол, нуур битүү мөсөн бүрхүүл тогтдог ч тухайн гол, нуурын онцлогоос шалтгаалж, мөсний зузаан харилцан адилгүй байхаас гадна цөмрөх аюултай. Мөс цөмрөх нь улирлын дулааралт, мөсний нягт багасалт, усны урсцын өөрчлөлтөөс шалтгаалсан өндөр эрсдэлтэй үзэгдэл. Томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Энэ сарын 22-ны байдлаар гол мөрөн, нуурын мөсний үзэгдэл, зузааны хэмжээ: Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр, зайрын хахаа зэрэг мөсний үзэгдэл зонхилж байгаа бол Хөвсгөл нуур Ханх, Хатгал орчимд мөсөн зах ажиглагдаж байна. Хангай нурууны араас усжих Идэр, Гичгэнэ, Хануй голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Суман, Чулуут, Хойт тамир голуудад мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа бол Урд тамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна. Тэрхийн цагаан нуур болон Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 25-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Номхон далайн ай савын гол мөрөн, нуур Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 15-40 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Ерөө, Тэрэлж, Туул гол уртын дагууд нимгэн мөсөн бүрхүүл, мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдсан. Сэлэнгэ мөрний дагууд мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бол Орхон голын эхээр мөсөн зах, өтгөн зайр гүйх зэрэг мөсний үзэгдэл голлон ажиглагдаж байгаа голын адгаар мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан 5-30 см болжээ. Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нэмэгдэж, 15-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Балж, Хэрлэн /Багануур хот /, Халх /Сүмбэр сум/ орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Дуут, Буйр, Хөх нууруудад 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ. Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Сагсай, Буянт, Бодонч, Турган, Согоог голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Харбут, Чигэртэй голууд ёроолдоо хүртэл хөлджээ. Ховд, Булган, Чонохарайх, Төгрөг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна. Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Заг гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол Тээл, Түйн голуудад мөсөн зах ажиглагдсан байна. Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 25 см нэмэгдэж, 65 см зузаан мөстэй болсон бол Тайгам, Бөөнцагаан нууруудад 10-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Намир гол ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Хархираа, Хариг, Түргэн, Тэс голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Увс нуурт мөсөн зах, мөсөн хөвлөг зэрэг мөсний үзэгдэл голлон ажиглагдаж, хараахан мөсөн бүрхүүл тогтоогүй. 11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдлаа. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
