Depository of News

"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнд хилийн хориг тавьжээ

ikon.mn · world

"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг химийн хорт бодис агуулсан барьцалдуулагч худалдан авахыг завдсан гэх мэдээлэл энэ долоо хоногт гарсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр хэлэлцжээ. Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагч С.Даваасүрэнд Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна. Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин

Read full article →