Depository of News

Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо

ikon.mn · sport

Худалдаа, хөгжлийн банк Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяа JETRO агентлагтай хамтран Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд түншлэл бий болгох зорилготой бизнес түншлэлийн уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. JETRO-гийн “Business Mission” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тус уулзалтад Монголын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлж буй Япон улсын 21 компанийн 40 орчим төлөөлөгч оролцож, Худалдаа, хөгжлийн банкны 30 гаруй харилцагч байгууллагуудтай уулзлаа. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд болсон арга хэмжээний үеэр хоёр улсын компаниуд ганцаарчилсан бизнес уулзалт хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулан, худалдаа, хөрөнгө оруулалт болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Ингэснээр Монголын компаниуд Японы зах зээл, технологи, бизнесийн туршлагатай танилцахын зэрэгцээ өөрсдийн төсөл, бизнесийн саналаа Японы түншүүдэд шууд хүргэх боломж бүрдлээ. Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын арилжааны банкуудаас Япон улсын Токио хотод өөрийн төлөөлөгчийн газартай цорын ганц банк бөгөөд Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд олон жилийн турш идэвхтэй оролцож ирсэн. Японы санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаандаа тулгуурлан Монголын аж ахуйн нэгжүүдийг Японы зах зээл, бизнесийн түншүүдтэй холбохоос гадна олон улсын төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Цаашид Худалдаа, хөгжлийн банк JETRO болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол, Японы бизнес эрхлэгчдийг холбосон санхүүгийн гүүр болохын зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, урт хугацааны бизнесийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

Read full article →