Америк хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцааг бэлэглэхээ Илон Маск амлалаа
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд өөрийн удирддаг сансрын технологи, хиймэл оюун ухааны (AI) SpaceX компанийн хоёр ширхэг хувьцааг бэлэглэхээ амлалаа. Тараах хувьцааны нийт үнэлгээ бараг $18 тэрбум хүрч байна. Өөрийн эзэмшлийн X (хуучнаар Twitter) сошиал платформд нийтэлсэн товч мэдэгдэлдээ Маск хүүхдүүд нэг хувьцааг компаниас, харин нөгөө нэг хувьцааг өөрөөс нь хүлээж авахыг тайлбарлан бичжээ. Лхагва гарагт SpaceX компани "Trump Account" (Трампын данс)-тай хүүхэд бүрд "А" ангиллын энгийн хувьцаанаасаа нэг ширхгийг олгохоо зарласан бол Маск мөн үүнтэй тэнцүү тооны хувьцааг хувиараа нэмж бэлэглэхээр болсон байна. "Trump Account" хөтөлбөр нь 18-аас доош насны Америк хүүхэд бүрийг хөрөнгийн зах зээлд эзэмшилтэй болгох, улмаар бага наснаас нь хөрөнгө хуримтлуулахад туслах зорилготой юм. Цагаан ордноос өнгөрсөн сард мэдээлснээр уг хөтөлбөрийн хүрээнд 70 орчим сая данс нээгдээд байгаа гэнэ. Лхагва гарагийн байдлаар SpaceX компанийн нэгж хувьцааны ханш $127.44 байсан нь Маскийн амласан бэлгийн нийт үнэлгээг бараг $18 тэрбум болгож байна. Маскийн хувиасаа бэлэглэх хувьцаанууд мөн "Trump Account"-тай холбогдох эсэх талаарх асуултад SpaceX компани одоогоор хариу өгөөгүй байна. Өөр нэг мэдэгдэлдээ Маск компанийн зүгээс олгох хувьцааг ирэх сард шилжүүлж, харин өөрийн хувьцааг хагас жил орчмын дараа шилжүүлэхээ амлажээ. Тэрбээр "Хувиасаа бэлэглэх хувьцаа нь ирэх оны зургаадугаар сард миний эзэмшлийн хувьцаанд тавигдсан хязгаарлалт (lockup period) дуусмагц шилжих болно" гэж бичсэн байна. Ойролцоогоор $824 тэрбумын хөрөнгөтэй Илон Маск аравдугаар сард Америкийн хүүхэд бүрд SpaceX-ийн нэг ширхэг хувьцааг бэлэглэх бодолтой байгаагаа зарлаж байв. Тухайн үед тэрээр X платформ дээр "Энэ бол цаашид хийх олон ажлын эхнийх нь юм" хэмээн бичиж байжээ. Зургаадугаар сарын байдлаар тэрбээр тус компанийн 6.42 тэрбум орчим ширхэг хувьцааг эзэмшиж байв. Маскийн буяны үйлсийн ихэнх нь $16 тэрбум орчмын хөрөнгөтэй гэгддэг "Musk Foundation" сангаар дамжин хэрэгждэг. Мөн аравдугаар сард SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон түүний нөхөр "Trump Account" хөтөлбөрийн хүрээнд 2 сая гаруй хүүхэд тус бүрд компанийнхаа хувьцааг бэлэглэхээ амласан байдаг. Масктай хиймэл оюун ухааны салбарт өрсөлддөг Anthropic компани саяхан өөрийн хувьцааны 5 хувийг "нийтийн сайн сайхны төлөөх" шинэ санд зориулахаа мэдэгдсэн юм. Тус компани өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа хөрөнгийн зах зээлд анх удаагаа арилжаалж эхлээд байгаа. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр энэхүү санаачилга нь ойролцоогоор $54 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Бусад урт хугацааны томоохон буяны үйлсийн дунд Berkshire Hathaway компанийн хүндэт ерөнхийлөгч Уоррен Баффетын санаачилга багтдаг. Тэрбээр одоогоор $60 тэрбумыг буяны үйлсэд хандивлаад байгаа бөгөөд үлдсэн $150 тэрбумын хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг ч мөн адил зориулахаар төлөвлөж байгаа. Тэрбумтан Билл Гэйтсийн "Gates Foundation” нь 2000 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш $100 тэрбум гаруйг буяны үйлсэд зарцуулсан бөгөөд үүний тодорхой хэсгийг Уоррен Баффетын хандивууд бүрдүүлжээ. Эх сурвалж: Reuters
