Ирэх онд ₮4.5 тэрбумаар гал сөнөөгчдийн хувцсыг хатаах төхөөрөмж, амьсгалын аппарат цэнэглэх автомашин авч өгнө
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НЗДТГ-аас боловсруулж, НИТХ-д өргөн бариад буй. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах тооцооллыг төсөлд нарийвчлан зааж өгдөг. Энэ удаад хүний амь нас эрстэх хүнд нөхцөлд ажилладаг гал сөнөөгчдөд нийслэлийн төсвөөс зориулахаар тусгажээ. Тодруулбал: Гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, хатаах, ариутгах тоног төхөөрөмж авахад ₮1.3 тэрбум Тэдний хүчилтөрөгчийн амьсгалын төхөөрөмж цэнэглэгч автомашиныг ₮3.2 тэрбумаар авахаар хуваарилсан байна. Харин Нийслэлийн Онцгой Байдлын Газрын хяналтын төвд ₮3.3 тэрбум, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа Гал түймэр унтраах аврах ангийн барилгад ₮2.2 тэрбум, Баянзүрх дүүргийнхэд ₮6 тэрбум, Хан-Уул дүүргийн гал түймэр унтраах ангийн барилгын ажилд ₮1.2 тэрбумыг олгохоор төсөвлөжээ. Ингэснээр ирэх онд онцгой байдлын салбарт татвар төлөгчдийн мөнгөнөөс ₮17.1 тэрбумыг зарцуулах нь. Нийслэлийн Онцгой байдлын газар(НОБГ) нь Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, авран туслах, гамшгийн эрсдэлийг бууруулах болон иргэдийг урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
