Depository of News

Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийг 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барина

ikon.mn · world

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр "Гангын үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой этгээдүүдэд дэлхий даяар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 60 гаруй аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлсэн. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдээд байсан. Өнгөрсөн долоо хоногт үнэлгээний журмын дагуу БНХАУ-ын Бээжин Жяньлун Хэви Индастри компани шалгарлаа. Гангийн цогцолбор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт баригдана. Шалгарсан аж ахуйн нэгжтэй Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээр хийж эхэлнэ. Хэлэлцээрийн үр дүнг шаардлагатай бол УИХ-д танилцуулж баталгаажуулсны үр дүнд ирэх хавар гэхэд барилгын ажил эхэлнэ. Гангийн цогцолбор нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэртэй болно. Нийт 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Ингэснээр бид хүдрээ шууд ангижруулсан төмөр болгох технологийг анх удаа хийж хэрэгжүүлнэ. Үр дүнд нь арматурын үнэ хамгийн багадаа 20 хувиар хямдарна. Энэ нь эргээд ард иргэдийн орон байрны үнэд нөлөөлөх том бүтээн байгуулалт болно. Өнөө маргаашдаа Ерөнхий сайдын захирамж гарч, ажлын хэсгээс хэлэлцээрийг эхлүүлж, ойрын хугацаанд эцэслэн танилцуулна. Мөн манай улсын төлбөрийн тэнцэл 350-400 сая ам.доллароор сайжирна гэж үзэж байгаа. Сайн чанарын ган үйлдвэрлэж, экспортлох чиглэлээр хэлэлцээр явуулна" гэв. ВИДЕО:

Read full article →