Depository of News

Оросын олигархи Их Британид болж буй гэр бүл салгах шүүх хуралд Москвагаас видео холбоогоор оролцжээ

ikon.mn · world

Мягмар гарагт Лондон хотод үргэлжилж буй гэр бүл салгах шүүх хуралд Оросын олигархи Владимир Потанин видео холбоо ашиглан Москва хотоос оролцжээ. Энэ нь Их Британийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй гэр бүл цуцлуулах шүүх хуралд тооцогдож байгаа юм. Потанины хуучин эхнэр болох Орост төрсөн, Британийн иргэн Наталья Потанина түүний ойролцоогоор $30 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийн тодорхой хэсгийг нэхэмжилж байгаа юм. 2018 оноос хойш үргэлжилж буй энэхүү шүүх хурал Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Британийн сонинууд үүнийг "хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувьд гэрлэлтээ цуцлуулдаг эрх зүйн төв" гэгддэг Лондон хот энэ нэр хүндээ хадгалж чадах эсэхийг харуулах шүүх хурал гэж тодорхойлжээ. Учир нь Британийн хууль эрх зүйн тогтолцоо нь санхүүгийн хувьд сул талд байгаа этгээдэд илүү ашигтай шийдвэр гаргах магадлал өндөртэй гэдгээрээ эртнээс алдартай юм. Түүнчлэн энэ хэрэг нь ЗХУ задарсны дараах Оросын олигархиудын тансаг амьдралын хэв маяг, санхүүгийн нууц, үйл ажиллагааг олон нийтийн анхаарлын төвд оруулжээ. 1990-ээд онд ОХУ-ын шадар сайдаар богино хугацаанд ажиллаж байсан, мөн ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон гэгддэг Потанин бол металлургийн салбарын томоохон хөрөнгөтөн юм. Тэрбээр Оросын уул уурхайн аварга компани болох "Норильский никель"-ийн хамтран эзэмшигч бөгөөд "Интеррос" хэмээх томоохон компанийг удирддаг. Орос улс Украинд халдан довтолсны дараа буюу 2022 онд тэрбээр Их Британи, АНУ-ын хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн билээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Forbes сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $29.7 тэрбум гэж тооцоолсон нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт, Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэхэд хүргэдэг. Одоо адилхан 65 настай хос хоёр Орост сургуульд байхдаа танилцаж, 1983 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй юм. Гэвч тэд одоо эвлэршгүй дайснууд болсон бөгөөд хэзээ тусдаа амьдарч эхэлсэн талаараа ч санал зөрөлдөж байгаа гэнэ. Тухайлбал Потанин 2007 оноос хойш тусдаа амьдарсан гэж мэдүүлсэн бол Потанина үүнээс зургаан жилийн дараа өрх тусгаарласан гэж зүтгэж байна. Энэхүү цаг хугацааны маргаан нь тэдний бэлгийн амьдралтай холбоотой маргаан руу ч хальжээ. Тухайлбал Потанина 2014 онд ОХУ-д албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаас өмнөх зургаан жилийн хугацаанд тэд “долоо хоногт хоёроос гурван удаа” бэлгийн харилцаанд ордог байснаа мэдүүлжээ. Потанина хуучин нөхрийнхөө эсрэг Лондон хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ОХУ-ын шүүхээс өмнө нь гарсан хөрөнгө хуваах шийдвэрийг шударга бус болсон гэж үзэж байгаа юм. Шүүхэд ирүүлсэн баримт бичгүүдээс үзвэл 2016 оноос хойш Их Британид амьдарч, улмаар тус улсын иргэн болсон Потанина 2.17 тэрбум фунт стерлинг ($2.84 тэрбум)-ын нэг удаагийн төлбөр нэхэмжилж байгаа аж. Харин Потанин түүний нэхэмжлэлийг “ямар ч үндэслэлгүй”, “хэрээс хэтэрсэн” гэж няцаагаад өөрийн жилийн орлогыг 42 сая фунт стерлинг гэж мэдүүлжээ. Тэрбээр шүүх хурлын өмнө хуучин эхнэртээ 25 сая фунт стерлингийн ($32 сая) тохиролцоо санал болгосон байна. Потанины өмгөөлөгчдийн хэлснээр тэднийг гэрлэлтээ цуцлуулах үед Потанина $84 саяыг, харин түүнээс өмнө тусдаа амьдарч эхлэх үедээ “үүнтэй бараг тэнцэх хэмжээний нэмэлт мөнгө” авсан аж. Харин Потанинагийн өмгөөлөгчид “гэрлэлтийн бүхий л хугацаанд Потанина гэр бүлийн хөрөнгөд бүрэн дүүрэн, тэнцүү хэмжээний хувь нэмэр оруулсан хэдий ч ОХУ-д болсон шүүх хурлын дараа нийт хөрөнгөөс өөрт ногдох шударга хувиа авч чадаагүй” гэж мэдүүлсэн юм байна. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал эхлэх үед өмгөөлөгчдийн танилцуулсан материалаас тэдний “тансаг амьдралын хэв маяг”-ийн талаар сонсож болохоор байв. Тухайлбал тэдний гэр бүл “тансаг ангиллын завьтай байсан, хувийн онгоцоороо туйлын тансаг амралтад явдаг байсан” тухай дурдсан байна. Мөн тэдний зохион байгуулсан хувийн арга хэмжээнүүдэд барууны поп одод оролцож, дуулсныхаа төлөө их хэмжээний хөлс авдаг байсан тухай мэдээлэл шүүх хурал дээр яригджээ. Гэвч Потанина хуучин нөхрөө “тодорхой тактикийн зорилгоор” тансаг амьдралын хэв маягаа нуун дарагдуулахыг оролдсон, мөн хөрөнгийн хэмжээгээ бага харагдуулах арга заль хэрэглэсэн гэж буруутгасан байна. Мөн нөхрийгөө ихэнх хөрөнгөө Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах шилжилтийн цаг үед олж авсан, бизнесийн ашиг сонирхлоо гэр бүлийн санхүүгийн асуудлаас тусгаарладаг “Хятадын хэрэм” гэсэн ойлголт тэдний дунд байсныг мэдүүлжээ. Потанин шүүх хуралд орчуулагчаар дамжуулан мэдүүлэхдээ энэхүү "Хятадын хэрэм" тогтолцоо нь 1998 онд, мөн 2008 онд болсон эдийн засгийн хямралын үеэр гэр бүлийн хөрөнгийг сүйрлээс аварч байсныг тайлбарласан байна. Шүүгч Алистер Макдональдын даргалж буй уг шүүх хурал арванхоёрдугаар сард өндөрлөж, эцсийн шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Эх сурвалж: AFP

Read full article →