ЖУРМЫН ТӨСӨЛ: Зөвхөн гол гудамж, замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачна. Зөөж, шилжүүлэх 73 байршлыг 35 болгоно
Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэх төсөл боловсруулжээ. Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цаашид хөдөлгөөнд бодитоор саад учруулж, зөвхөн гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх юм. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Автомашиныг ачихаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа. Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулж, ачилтыг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг шинэ журмын төсөлд 35 байршил болтол цөөрүүлэхээр тусгажээ. Хотын дарга Б.Пүрэвдагва автомашин ачилтын үйлчилгээг болиулах асуудлыг судалж байгаа гэсэн ч журмыг шинэчлэх шийдэлд хүрсэн бололтой.
