Depository of News

Нөхөрсөг тоглолтыг мартсан "Хөх Чононууд" шигшээ багийн дараагийн цугларалтад бэлэн үү?

ikon.mn · world

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос шигшээ багуудын тоглолтыг тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд "FIFA Days" зохион байгуулдаг. Ихэвчлэн лигийн тоглолтын цонх үе эсвэл зуны цагт шигшээ багийн тоглолт хийдэг уламжлалтай. Шигшээ багуудын цонх үеийн сүүлчийнх нь энэ сарын 9-нөөс 17-ныг хүртэл үргэлжиллээ. Харамсалтай нь энэ үеэр Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг тоглосонгүй. Шигшээ багтаа дуудагдах, эх орныхоо нэрийн өмнөөс талбайд гарах гэдэг ямар ч тамирчны хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тэгээд бүр үзэгчдийнхээ өмнө ур чадвараа харуулах, бусад багуудтай туршлага солилцох, том тэмцээний өмнөх шалгалт өгөх зэрэг олон талын ач холбогдолтой. Шигшээ багуудын цугларалтын дараа FIFA-гаас дэлхийн чансааг шинэчилдэг. Одоогоор Испанийн шигшээ баг чансааг тэргүүлж байгаа бол араас нь Аргентин, Франц, Английн баг удаалж явна. Азийн чансааг Япон (дэлхийн чансааны 17), Иран (23), Австрали (27), БНСУ (30) жагсаж байна. Харин манай шигшээ баг дэлхийн чансааны 190-д бичигддэг хэвээрээ. Монголын баг 1998 оны арванхоёрдугаар сард дэлхийн чансаанд анх удаа бичигдэхдээ 196-д орж байв. Түүнээс хойш 2008 онд 192, 2018 онд 188, харин одоо 190-д бичигдэж буй. Ардаа арлын хэдхэн орныг эс тооцвол гялтайх зүйл алга. Шигшээ багийн оргил үе 2011 онд тохиож дэлхийн чансаагаар 160-д орж явсан үе манай залууст бий. Харамсалтай нь, өнөөдөр түүнийг ахиулах нь бүү хэл улам дордов. Сүүлийн зургаан жилд Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 24 тоглолт хийжээ Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг цар тахлаас хойш буюу сүүлийн зургаан жилд олон улсын чанартай болон нөхөрсөг тэмцээний хүрээнд нийт 24 тоглолт хийсэн байна. Эдгээр тоглолтод нийт 64 гоол орж, нэг тоглолтод дунджаар 2.67 гоол орсон үзүүлэлт бий. Гэхдээ талбайдаа хийсэн тоглолтыг тоолбол гарын таван хуруунд багтана. 2022 онд Азийн үндэстнүүдийн цомын тэмцээнийг нутагтаа зохион байгуулсны ачаар гурван тоглолт хийсэн бол 2023 онд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий Азийн хэсгийн урьдчилсан шатанд Афганистаныг талбайдаа хүлээн авч, хоёр жилийн өмнө Камбожийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн түүхтэй. Өнгөрсөн жил манай шигшээ аль ч цонхоор тоглолт хийгээгүй. Харин хамгийн сүүлд өнгөрсөн зун Сингапур, Хонконгтой нөхөрсөг тоглож, "салхи" оруулсан юм. Азийн бусад багуудтай харьцуулахад... Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монголын шигшээ баг дэлхийд чансаагаар 160-д багтаж байхад Киргизийн хөлбөмбөг уруудсан үе таардаг. Тэд 1991 оноос 2011 оныг хүртэл шигшээ баг нь маш цөөн тоглолт хийж, залуу тоглогчдыг хөгжүүлэх бодлого нь бүрэн алдагдсан юм. Үр дүнд нь тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг нь чансаа доогуур багуудад тогтмол хожигдох болсноор 2010 оны есдүгээр сард 159-д байсан тус улсын чансаа жилийн дараа 179, оны сүүлээр 191 болж буурсан. Киргизүүдийн энэ уналт хоёр жил шахам үргэлжилж, 2013 оны гуравдугаар сард гэхэд олон улсын чансаагаар 201-д бичигдэх болжээ. Харин өдгөө киргизүүд 106-д жагсаж буй. Хэдийгээр 2018 оны дэлхийн чансаагаар 75-д орж, түүхэн амжилтаа үзүүлснээс хойш бага зэрэг уруудсан ч тус улс цар тахлаас хойш сүүлийн зургаан жилд 56 тоглолт хийжээ. Үүнээс зөвхөн нөхөрсөг тоглолтын тоо нь 31. Ижилхэн нүүдэлчин соёлтой Киргизтэй биш гэхэд дэлхийн чансааны 178-д жагсаж байгаа Балба Улстай харьцуулахад ч ялгаагүй. Тус улсын эрэгтэй шигшээ баг цар тахлаас хойших зургаан жилд 56 тоглолтод оролцсон байдаг аж. Тухайлбал хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд 11, тивийн аваргын урьдчилсан шатанд ес, нөхөрсөг тоглолтод 36 тоглолтод оролцсон аж. Манай шигшээ баг 2027 оны Азийн цомын урьдчилсан шатнаас мултарсан тул ирэх оны гуравдугаар сар болон зургаадугаар сарын "цонхоор" одоогоор төлөвлөсөн тоглолт алга байна. Харин есдүгээр сард 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хийх учиртай. Гэхдээ тус тэмцээнийг зохион байгуулагч Азийн хөлбөмбөгийн холбооноос сугалааг явуулсны дараа шигшээгийн залуус аль багтай өрсөлдөх нь тодорхой болох юм.

Read full article →