УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай улс төрийн намын дарга нартай уулзаж, Зөвшилцөх зөвлөл байгуулжээ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн. Тэрбээр өчигдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгуулжээ. Зөвлөлийн анхны уулзалтаар: Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах; Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах; УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна.
