Depository of News

"Нийслэлийн ирэх оны төсвийн зарлагын дийлэнхийг нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт эзэлж байна"

ikon.mn · world

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын Ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Төсвийн төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөгийн орлого, зарлагын суурин дээр боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн орлого, 4.8 их наяд төгрөгийн зарлагатайгаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөгийг тусгажээ. Төсвийн орлогын хувьд нийслэл, дүүргийн татварын орлого өссөн хэдий ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790 мянган төгрөгөөс доош орлогод суутгахгүй, үл хөдлөхийн татвар буурсан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна. Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын 3 дүүрэгт олгох татаасыг нэмэгдүүлсэн аж. Төсвийн зарлагын хувьд, нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксон нүүрсний худалдан авалт зэрэг томоохон зардлууд нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа гэнэ. Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн бөгөөд нийслэлийн 6 бүсэд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Хагас коксон нүүрсний худалдан авалтад 400 тэрбум төгрөг тусгасан гэв. Харин ирэх хаврын нөөцийн мах бэлтгэх ажлын хүрээнд 30 орчим тэрбум төгрөг тусгажээ. Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ өмнөх онуудад эхлүүлсэн ажлыг дуусгах, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүд, их багтаамжийн тээврийн хэрэгслийг хөгжүүлэх зардлыг тусгах зарчмыг баримталсан байна. Ингэснээр нийт 292 төсөл арга хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Үүнд сургуулийн барилга байгууламжид 116 тэрбум, эрүүл мэндийн салбарт 45 тэрбум, хот байгуулалтад 43 тэрбум, төрийн үйлчилгээнд 22 тэрбум гэх мэтээр төсөвлөжээ. Газар чөлөөлөлтийн төлбөрт 200 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгасан байна.

Read full article →