Depository of News

Ц.Мөнхтуяагийн санаачилсан багш нарыг улс төрд оролцох эрхтэй болгож, тэдний тэтгэвэрт гарах насыг наашлуулж, амралтын хоног болон цалинг нь нэмэх тухай хуулийн төслийг дэмжив

ikon.mn · world

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүний өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй багш нарыг улс төрөөс ангид байх заалтыг хүчингүй болгох, боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэх, тэтгэвэрт гарах насыг наашлуулах, төрийн өмчийн сургуулийн багшийн цалин хувийн сургуулийнхтай ижил байх зэрэг асуудлыг тусгажээ. Хуулийн төслийн талаар Ц.Мөнхтуяа гишүүн танилцуулсны дараа Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын саналыг танилцуулсан юм. Сангийн сайдын уншиж танилцуулснаар энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь хууль батлагдвал 2.2 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болох тул эдийн засаг, төсөв санхүү талаас дэмжих боломжгүй гэж үзжээ. Мөн салбарын хуулиар ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулах нь төрийн албан хаагч тэгш бус нийгмийн баталгаагаар хангагдах улмаар салбар хоорондын тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөх, төрийн албаны нэгдсэн бодлого алдагдах үр дагавартай тул тус хуулийн төслийг дэмжихгүй гэв. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан. Энэ үеэр хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд анх санал нэгдэж байсан зүйл, заалтууд нь өөрчлөгдсөн болохыг гайхан тодруулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн нарын гишүүд дээрх зүйлийг хэлж байсан юм. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг багш нарыг улс төрд оролцохыг хориглосон заалтыг яагаад хасах болсон, хувийн хэвшлийн сургуулийн багш нарын цалин төрийн өмчийн сургуулийнхтай адил байна гэсэн нь хувийн компанийн цалингийн бодлогыг хуульчилж байгаа хэрэг болох биш үү гэдгийг тодруулсан. Түүний асуултад Ц.Мөнхтуяа гишүүний зөвлөх Д.Мөнхбаатар "Багш бол төрийн үйлчилгээний албан хаагч. 2010 оныг хүртэл Монголын багш нар улс төрийн намын гишүүнчлэлтэй байсан. Тиймээс хүний үндсэн эрхийг сэргээх зорилгоор энэ заалтыг оруулсан. Төр болон хувийн хэвшлийн сургуулийн багш нарын цалинг адилхан байлгая гэдэг нь төрийн сургуулийн багш нарт өндөр цалин амлаж хувийн сургууль руу татдаг асуудлыг хязгаарлая гэж байгаа юм" гэдэг хариулт өгөв. Хуулийн төсөлд тусгасан "ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарч болно" буюу тэтгэврийн насыг наашлуулах үндэслэл, боломж бий эсэхийг зарим гишүүн тодруулсан. Тэдний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл "Манай улс 1958 онд өндөр насны тэтгэвэрт гарах насыг 55, 60 гэж тогтоосон. Тэр үеэс хойш амьдралын чанар сайжирч, дундаж наслалт нэмэгдсэн. Тиймээс энэ насыг наашлуулах боломжгүй. Мөн багшийг эрт тэтгэвэрт гаргаснаар нийгмийн хамгааллын тогтолцоо алдагдах эрсдэлтэй. Яагаад гэвэл тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил шимтгэл төлсөн цалингийн хэмжээнээс хамаарч тогтоогддог. Тиймээс бага хугацаанд ажилласан учраас тэтгэвэр багаар тогтоогдох эрсдэлтэй" гэдэг хэмээсэн. Санаачилсан хуулийнхаа талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Өнөөдөр багш нар автобусны жолооч, ТҮК-ийн ажилтнаас ч бага цалин авч байна. Мөн хувийн сургуулийн багш 3 сая төгрөгийн цалин авч байгаа бол улсын сургуулийн багш ч тийм хэмжээний цалин авах ёстой гэдэг санаагаар хуулийн төслийг боловсруулсан" гэв. Ийнхүү Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 16 гишүүн оролцсоны 11 нь буюу 68.8 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалтууд: Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг улсын дундаж цалингаас багагүй хэмжээтэй байхаар тооцож, инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох; Хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг харгалзах түвшний төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлстэй тэнцүү байхаар тогтоох; төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны үндсэн цалин болон багшийн үндсэн цалингийн зөрүү хорин хувиас илүүгүй байх; цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт хичээллэх суралцагчийн тоо боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тогтоосон нормативаас хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох; цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн анги, бүлэг удирдсан багшийн нэмэгдлийг тухайн анги, бүлгийн суралцагчийн тоотой уялдуулан олгох. аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг таван жилийн хугацаатай томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан нэг удаа гурван жилийн хугацаагаар улируулан томилох. дүүргийн боловсролын хэлтсийн даргыг таван жилийн хугацаатай томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан нэг удаа гурван жилийн хугацаагаар улируулан томилох. төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн суралцахуйн төвийн захирлыг таван жилийн хугацаатай томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан нэг удаа гурван жилийн хугацаагаар улируулан томилох. Тухайн жилийн төсвийн тухай хуулиар тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүний долоогоос доошгүй хувийг, эсвэл улсын төсвийн нийт зардлын хориос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөж хэрэгжүүлнэ. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид төрөөс сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох, сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээтэй амьжиргааны тэтгэлэг олгох, багш мэргэжлээр амжилттай суралцаж, амьжиргааны тэтгэлэг авсан хугацааг багшаар ажилласанд тооцох дэмжлэгийг үзүүлнэ: хөдөлмөрийн онцлогийг харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн захирал, эрхлэгч нарт ажлын 21 өдөр, бусад ажилтанд ажлын 27 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох; тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багш, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтнууд нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах; сум, баг, Нийслэл Улаанбаатар хотод харьяалагдах улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос бусад хот, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, мэргэжлийн болон удирдах ажилтанд гурван жил тутамд, боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтанд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох; төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд 25-аас дээш жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн багш, боловсролын мэргэжлийн болон удирдах ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарч болох бөгөөд тэдгээрт ажилласан нэг жилийг нь нэг аравны таван /1,5/ жилээр тооцон Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох; төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах; Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулсан бол түүний ажлын нормыг тохируулах, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, тэтгэмжийг хэрхэн олгох журмыг Засгийн газар батална. төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын хувьсах зардлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцон инфляцын түвшинтэй уялдуулан жил тутам шинэчлэн тогтоох; төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хувь, хэмжээг инфляцын түвшинтэй тэнцүү хувиар жил бүр шинэчлэн тогтоох;

Read full article →