"Төрийн оролцоог багасгаж, ил тод байдлыг сайжруулах, хууль бусаар олж авсан хөрөнгийг тогтоож, хураах нь авлигатай тэмцэх хамгийн сайн арга юм"
Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны зүгээс иргэдэд нээлттэй, ил тод байх зорилгоор "Нээлттэй Яам" мэдээллийн цагийг тогтмол зохион байгуулж буй. Иргэний эрхийг баталгаажуулах, хууль ёсны ашиг сонирхлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлсэн эрхзүйн шинэчлэл хийх бодлогод анхаарч байгаагаа сайд Г.Тэмүүлэн хурлын эхэнд онцолсон юм. Сайд Г.Тэмүүлэн энэ үеэр "Төрийн оролцоог багасгах, үйл ажиллагааг нь илүү ил тод байлгах зорилгоор "Эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах" бодлогыг бид баримтална. Энэ хүрээнд өмнө нь танилцуулж байсан 10 хуулийн төслийн явц ямар байгаа талаар мэдээлэл өгье. Одоогоос яг сарын өмнө буюу аравдугаар сарын "Нээлттэй Яам" мэдээллийн цагаар бид 10 хуулийн төслийг танилцуулсан. Эдгээрийн долоо нь иргэний эрхийг баталгаажуулах тухай хууль байгаа юм. Тухайлбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Нотариатын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Арилжааны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр долоон хуулийн тав нь Улсын Их Хурал (УИХ)-д өргөн барьсан болон хэлэлцэгдэх шатандаа явж байгаа гэдгийг тодотгож хэлье. Үүнээс орон сууцны залилантай холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Бидний төлөвлөж байгаагаар уг хууль арванхоёрдугаар сараас өмнө батлагдвал иргэд захиалга өгөхөөс өмнө эрсдэлээс хамгаалагдах эрхзүйн орчин бүрдэх юм. Мөн Нотариатын тухай хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хууль батлагдвал анх удаа зайнаас үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Арилжааны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу иргэний процессын тухай хууль боловсруулагдах шатандаа явж байна. Өнөөдөр шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нийт хэргийн 60 орчим хувь нь иргэний хэрэг байна. Шүүх хурлыг байнга хойшлуулах, нэгээс таван жил үргэлжилдэг гэх мэт ачаалал их ирдэг. Тухайн хохирогчийн эрх ашиг хөндөгддөг. Энэ мэт гажуудлыг засах зорилгоор холбогдох байгууллагуудаас Ажлын хэсэг гаргаад ажиллаж буй. Ирэх сард багтааж дуусгаад Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Ингэснээр сүүлийн 20 гаруй жилд шинэчлэгдээгүй хууль иргэний эрх ашигт нийцсэн байдлаар шинэчлэгдэнэ гэж найдаж байгаа. "Эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах" төслийн хүрээнд өмнө нь дөрвөн хуулийг танилцуулж байсан. Эдгээр хууль тавин хувийн гүйцэтгэлтэй явж буй. Энэ хүрээнд нийгэмд их хүлээлт үүсгээд байгаа "Хууль бус хөрөнгийг хураах тухай" хуулийн анхдагч, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу гүтгэх, хүний нэр хүндтэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Уг хоёр хуулийг танилцуулсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм" гэлээ. "Авлигатай тэмцэхийн тулд ил тод, нээлттэй байх нь чухал" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлээд Авлигатай холбоотой хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв. Энэ талаар Г.Тэмүүлэн сайд "Авлигаас сэргийлэх талаар манай яамны бодлогыг сэтгүүлчид сонирхож байж магадгүй. Энэ бол зөвхөн хэрэг илрүүлэх төдийгөөр шийдэгдэх асуудал биш. Нийгмийн хорт хавдар шахуу болсон, хөгжлийн чөдөр тушаа болсон энэ асуудалд бид нар бодлого, үйл ажиллагаандаа зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Хүнээс хамааралтай оролцоог бууруулах шаардлага үүсэж байна. Олон улсад авлигатай тэмцэх хамгийн сайн арга бол ил тод, нээлттэй байх. Хоёрдугаарт бид хариуцлага тооцох аргыг сайжруулах юм. Энэ хүрээнд Ил тод, нээлттэй байдал Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хууль, Хариуцлага тооцох тогтолцоо Хууль бус хөрөнгө хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтоор авлигаас сэргийлэх хуулийг батлуулахаар ажиллаж байна. Төрийн нууцын тухай хууль батлагдвал төрд байгаа албаны гэх тодотголтой нууц гэрээнүүд ил болох учиртай. Цаашдаа ямар нэг байдлаар нууц гэдэг тамга дарж, төрийн байгууллагууд аливаа үйл ажиллагаагаа нууцлах, гэрээг нууцлах ийм зүйл байхгүй болно. Зайлшгүй шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлж баталдаг байх зарчимтай болно. Ингэснээр магадгүй авлигын шинжтэй гэрээ, хэлцлүүд, хариуцлагагүй шийдвэрүүд, ашиг сонирхлын зөрчлийг бид нар энэ хуулийг баталснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломж бүрдэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай хуулийг баталснаар хэрэг хянан шийдвэрлэх үйл явц иргэдэд илүү ойлгомжтой, ил тод болох юм. Тухайлбал ямар зүйл ангиар буруутгагдаж байгаа болон аль шатандаа явж байгаа гэдгийг иргэд хянах боломжтой болно. Авлигагүй нийгмийг бүтээхийн тулд хууль бусаар олж авсан хөрөнгийг заавал тогтоож, хурааж авдаг тогтолцоог бий болгох шаардлагатай юм" гэв.
