Depository of News

Умард Солонгосын эрх баригчид тус улс дахь Швейцарын дипломат төлөөлөгчийн газрыг хаах талаар анхааруулжээ

ikon.mn · politics

Швейцар улс саяхан Украины эзлэгдсэн бүс нутгаас хүүхдүүдийг хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн Оросын хууль бус үйлдэлтэй холбогдуулан Умард Солонгосын хүүхдийн зусланд хориг тавих шийдвэр гаргажээ. Үүний хариуд Умард Солонгосын эрх баригчид Пёнян дахь Швейцарын дипломат төлөөлөгчийн газрыг хаах талаар судалж байгааг тус улсын төрийн хэвлэл Мягмар гарагт мэдээлсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон уг хориг арга хэмжээ нь тус улсын бүрэн эрхт байдалд халдаж, дайсагнасан шинж чанар агуулж байгааг анхааруулсан тухай KCNA (Korea Central News Agency) төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Швейцар улс Украины эзлэгдсэн бүс нутгаас хүүхдүүдийг шилжүүлэх зорилгоор Оросын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласных нь төлөө Умард Солонгосын Сонгдовон олон улсын хүүхдийн зусланг хориг арга хэмжээний жагсаалтад нэмсэн юм байна. Уг хориг арга хэмжээ нь бүх хүүхдэд тэгш боломж олгох хүмүүнлэг үзлийг дэмждэг Умард Солонгосын олон улсын нэр хүндэд "арилшгүй толбо" үлдээж байгааг Ким Ё Жон мэдэгдэлдээ дурджээ. "Үйлдэл нь үгтэй нь нийцэхгүй байгаа найдваргүй Швейцар улстай харилцаагаа цогцоор нь эргэн харах шаардлагатай гэж би үзэж байна. Би гадаад хэргийн яамандаа ойрын өдрүүдэд Швейцарын дипломат төлөөлөгчийн газрыг Пёнянаас гаргах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг зөвлөх болно” гэж Ким хэлснийг KCNA эш татсан байна. Аравдугаар сард Умард Солонгосын тал Швейцарын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзахдаа хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцсон юм. Үүний үр дүнд Швейцар улс саяхан Пёнянд дипломат төлөөлөгчийн газраа нээж байжээ. Эх сурвалж: Reuters

Read full article →