Depository of News

Жимобайл ХХК “Starlink Mobile” үйлчилгээг Монгол Улсад анх удаа туршиж байна

ikon.mn · sport

Үүрэн холбооны үндэсний оператор Жимобайл ХХК нь SpaceX компанитай хамтран хиймэл дагуулаас гар утсанд шууд холбогдох (Direct to Cell) технологид суурилсан “Starlink Mobile” үйлчилгээг Монгол Улсад анх удаа туршиж байна. Ингэснээр үүрэн холбооны сүлжээ хүрээгүй алслагдсан бүс нутагт ч хэрэглэгчид өөрийн гар утсаар дамжуулан хиймэл дагуулын сүлжээнд холбогдож, датанд суурилсан аппликейшн ашиглан дуудлага хийх, мессеж илгээх болон хүлээн авах боломж бүрдэж байна. Одоогоор “Starlink Mobile” үйлчилгээ нь туршилтын шатанд хэрэгжиж байгаа бөгөөд холболтын тогтвортой байдал, үйлчилгээний чанар, ашиглалтын боломжийг сайжруулах чиглэлээр техникийн тохируулга, туршилт, сайжруулалтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Туршилтын хугацаанд хэрэглэгчид үйлчилгээг нэмэлт үнэ төлбөргүй туршиж ашиглах боломжтой. Энэхүү технологи нь ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг малчид, аялагчид, төрийн, уул уурхай, зам тээврийн салбарын ажилтнууд болон алслагдсан бүсэд зорчиж буй иргэдэд холбоо харилцааны хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн онцгой нөхцөл байдалд газрын сүлжээ хүрээгүй бүсээс холбоо барих нэмэлт боломжийг бий болгоно. “Starlink Mobile” үйлчилгээг хэрхэн туршиж, ашиглах вэ? “Starlink Mobile” үйлчилгээг туршихын тулд нэмэлт төхөөрөмж худалдан авах, гар утсандаа тусгай аппликейшн суулгах шаардлагагүй. Жимобайлын дугаартай хэрэглэгч 4G/LTE технологи дэмждэг утаснаасаа 444 тусгай дугаарт “On” утгыг мессежээр илгээж, үйлчилгээтэй нийцтэй гар утасныхаа тохиргоо (Settings) хэсгээс Data Roaming тохиргоог идэвхжүүлнэ. 4G идэвхжүүлэх заавар: 444 тусгай дугаарт “On” утгыг мессежээр илгээнэ. Data Roaming идэвхжүүлэх заавар: Android: Settings-Connections-Mobile networks-Data Roaming-ON. iPhone: Settings-Cellular-SIMs-Data Roaming-ON. Тохиргоог идэвхжүүлсний дараа үүрэн холбооны сүлжээ хүрээгүй, тэнгэрийн харагдац саадгүй задгай орчинд хиймэл дагуулын сүлжээнд холбогдох боломжтой. Холболтын чанар, ашиглалтын боломж нь гар утасны загвар, тохиргоо, цаг агаар болон тухайн орчны нөхцөлөөс хамаарна. Тухайлбал өтгөн үүлшилт, цас, бороо болон тэнгэрийн харагдцыг хаасан уул, мод, барилга байгууламж нь холболтод нөлөөлөх боломжтой. Мөн үйлчилгээ туршилтын шатанд байгаа тул холболтын хүртээмж, тогтвортой байдал болон ашиглах боломжтой функцүүдэд өөрчлөлт орж болно. Жимобайл ХХК нь “Starlink Mobile” үйлчилгээг туршилтын шатнаас тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд туршилтад оролцож буй хэрэглэгчдийн санал хүсэлт, туршлагыг цаашдын сайжруулалтад тусган ажиллах болно.

Read full article →