Depository of News

“Нэг сая жуулчин хүлээн авах босгон дээр зочлох үйлчилгээний салбар шилдгүүдээ тодруулж байна”

ikon.mn · world

Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын оны шилдгүүдийг тодруулах “MRA Awards 2026” шалгаруулалтын олон нийтийн санал хураалт эхэллээ. Монголын Ресторан, Зоогийн Газрын Холбоо ноос санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус шалгаруулалтын талаар холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнхтэй ярилцлаа. - “MRA Awards”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ шалгаруулалтаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаа вэ? - Маш энгийнээр тайлбарлавал, сайн хоол, сайхан үйлчилгээний ард хамт олны өдөр бүрийн хичээл зүтгэл байдаг. Цэсээ хөгжүүлж, ажилтнаа сургаж, зочдынхоо сэтгэл ханамжид анхаарч ажилладаг байгууллагууд олон бий. Тэр хөдөлмөрийг үнэлж, сайн туршлагыг нь бусдад таниулах зорилгоор “MRA Awards” -ыг анх санаачилсан. Шилдгээр шалгарсан байгууллагаас бусад нь суралцаж, “Тэд юуг сайн хийж байна вэ, бид юугаа сайжруулж болох вэ” гэж ярилцдаг болоосой гэж хүсдэг. Нэр дэвшигч, оролцогчид ч ажлаа мэргэжлийн шалгуураар үнэлүүлж, давуу тал, сайжруулах зүйлээ олж харах боломжтой. Ингэж бие биеэсээ суралцаж, чанар, үйлчилгээгээ ахиулснаар салбар маань хамтдаа хөгжинө. Энэ нь шалгаруулалтын маань гол зорилго юм. Энэ жил 113 байгууллага нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн. Нийт 14 номинацид ресторан, кофе шоп, нарийн боовны газар, баар, лаунж, караоке, шөнийн клубээс гадна хүлээн авалтын танхим, катерингийн үйлчилгээ үзүүлэгч, сургалтын байгууллагыг хамруулж байна. - Үнэлгээ хэрхэн явагдаж байна вэ? - Энэ удаагийн шалгаруулалтын үнэлгээ нь нэр дэвших хүсэлт, баримт бичгийн бүрдэл, шүүгчдийн газар дээрх болон нууц зочны үнэлгээ, олон нийтийн санал асуулга гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Байгууллагуудын ирүүлсэн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл, нотлох баримтыг тухайн номинацийн шалгуурын дагуу хянаж үнэлэх шат явагдаж дууссан байгаа. Мөн 15 мэргэжлийн шүүгч тодорхой шалгуурын хүрээнд байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хоол, үйлчилгээний чанар, орчин, ажилтны ур чадвар, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг номинаци тус бүрийн онцлогт тохируулан үнэлж байна. Үүнтэй зэрэгцэн нууц зочин-шүүгчид энгийн үйлчлүүлэгчийн хувиар очиж, үйлчилгээ авч байгаа. Зочныг хэрхэн угтаж байна, захиалгыг нь зөв авч байна уу, асуултад нь ойлгомжтой хариулж чадаж байна уу гэх мэт өдөр тутмын бодит үйлчилгээг харна. Ингэснээр байгууллагын ирүүлсэн мэдээлэл, мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ, үйлчлүүлэгчийн бодит туршлагыг хамтад нь авч үзэх боломжтой юм. - Жижиг бизнесээс эхлээд томоохон сүлжээ хүртэл нэр дэвшжээ. Олон нийтийн санал хураалтад олон салбар, дагагчтай байгууллагууд давуу талтай болох уу? - Олон салбар, үйлчлүүлэгчтэй байгууллага санал татах боломж илүү байж болно. Гэхдээ бид тухайн оны амжилт, үйл ажиллагааны чанарыг номинаци тус бүрийн шалгуураар үнэлдэг. Сошиал хуудасны дагагч, лайк, шэйрийн тоог оноонд тооцохгүй. Нийт 100 онооны 70 нь мэргэжлийн үнэлгээ, 30 нь олон нийтийн санал байна. Иймээс жижиг байгууллага ч чанар, үйлчилгээгээрээ өрсөлдөх боломжтой. Шүүгчид болон холбооны Удирдах зөвлөлийн гишүүд бид бүх оролцогчид ижил шалгуур, журмыг мөрдөж, шударга, тэгш нөхцөлөөр өрсөлдөх боломжийг хангахад анхаарч ажиллаж байна. Олон нийтийн санал нь үйлчлүүлэгчдийн туршлага, сэтгэл ханамжийг үнэлгээнд тусгах нэг хэлбэр бөгөөд дангаараа ялагчийг тодорхойлохгүй. Зөвхөн албан ёсны хуудсаар өгсөн хүчинтэй саналыг тооцно. Энэ ташрамд дурдахад, автомат программ, бот ашиглах, зохиомлоор саналын тоог өсгөх оролдлогыг илрүүлэх, хязгаарлах системийн хяналт ч ажиллаж байна. Мөн санал хураалтын дүн, үнэлгээний нэгтгэлд итгэмжлэгдсэн баг аудит хийж, тооцоолол болон журмын хэрэгжилтийг нягтална. Оролцогчид, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн шалгаруулалт байх нь хамгийн чухал. - Үйлчлүүлэгч, олон нийт саналаа хэзээ, хэрхэн өгөх вэ? - Санал хураалт өчигдөр эхэлсэн ба арваннэгдүгээр сарын 28-ны 23:59 цагт хаагдана. Санал өгөх хуудсанд нэвтэрч, ангилал бүрээс дэмжих байгууллагаа сонгон саналаа илгээнэ. Нэг хүн 24 цагт нэг удаа санал өгөх боломжтой. Олон нийтийн санал хураалтын эхний өдөр нийт 14 номинацид 18 мянга гаруй санал ирсэн нь үйлчлүүлэгчид идэвхтэй оролцож байгааг харуулж байна. Та бүхнийг өөрийн үйлчлүүлсэн газрын хоол, үйлчилгээний бодит туршлагад тулгуурлан оролцохыг урьж байна. - Шилдгүүдээ хэзээ зарлах вэ? Ёслолд зочид оролцох боломжтой юу? - Арванхоёрдугаар сарын 2-ны 18:00 цагт Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Ballroom танхимд шилдгүүдээ зарлаж, шагналыг нь гардуулна. Энэ удаагийн MRA Awards 2026 шагнал гардуулах ёслолыг Awards Ceremony & New Year Celebration хэлбэрээр салбарын шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүнтэй хамтатган зохион байгуулж байна. Нэр дэвшсэн 113 байгууллагын төлөөллөөс гадна ресторан, баар, лаунж, хүлээн авалтын танхим, караоке зэрэг салбарын бизнес эрхлэгчид, эзэд, захирал, ерөнхий менежерүүд болон ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөл оролцох боломжтой. Урилгын холбоосоор бүртгүүлж, оролцох хураамжаа төлснөөр оролцоогоо баталгаажуулна. Энэ жилийн хөтөлбөрт ‘AWARDS SUPER SHOW’ урлагийн тусгай тоглолт багтаж байгаа. Зочдодоо зориулан өвөрмөц үзүүлбэр, гэнэтийн бэлэгтэй тоглолт бэлтгэж байна. Жилийн турш бусдын баяр, уулзалт, өдөр тутмын үйлчилгээг хариуцаж ажилласан салбарынхан маань өөрсдөө нэг орой цуглаж, амжилтаа хуваалцана. Бие биетэйгээ танилцаж, шинэ хамтын ажиллагааны эхлэл тавих боломж ч бүрдэнэ. Шилдгүүдээ алдаршуулж, хамт олныхоо хөдөлмөрөөр бахархаж, ирэх жилийн ажилдаа урам авах энэ үдэшт та бүхнийг урьж байна. Урилга үзэх, бүртгүүлэх - Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. - Баярлалаа. Энэ арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хоёр дахь жилдээ дэмжин, хамтран зохион байгуулж байна . Мөн салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагууд, цаг зав, мэдлэг туршлагаа зориулж ажиллаж байгаа шүүгчдэдээ талархал илэрхийлье. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар өөрсдийгөө үнэлүүлж, туршлагаа хуваалцахаар оролцож буй нэр дэвшигч байгууллагууддаа онцгойлон баярлалаа.

Read full article →