Ираны эрх баригчид тайзан дээр хижабгүй гарсан дуучныг хамтлагийнх нь гишүүдийн хамт ташуурдан шийтгэжээ
Ираны эрх баригчид олны танил дуучин эмэгтэй болон түүний хамтлагийн дөрвөн гишүүнийг хижаб (толгойн алчуур)-гүйгээр концерт тоглосных нь төлөө ташуурдаж шийтгэснийг тэдний өмгөөлөгч мэдээлжээ. Өмгөөллийн багийн гишүүний мэдээлснээр дуучин Парасту Ахмади болон гурван хөгжимчин, нэг продюсер тус бүр 74 удаа ташуурдуулсан байна. Энэхүү шийтгэлийг өчигдөр Ираны Кум хотод хэрэгжүүлжээ. 29 настай Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард цахим орчинд шууд дамжуулсан тоглолтын үеэр ханцуйгүй даашинз өмссөн байв. Ираны хуулиар эмэгтэйчүүдийг олон нийтийн өмнө уран бүтээл толилуулахыг хориглодог бөгөөд тэднээс толгойгоо алчуураар ороож, биеэ далдалсан хувцас өмсөхийг шаарддаг. Энэ оны зургаадугаар сард Кум хотын эрүүгийн хэргийн шүүх Ахмади болон бусад найман хүнийг "садар самуун, зохисгүй материал" нийтэлж, "олон нийтийн ёс суртахуунд халдсан" хэрэгт буруутган ял оноож байжээ. Тэд уг буруутгалыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Ийм үндэслэлээр тэдэнд тус бүр 74 удаа ташуурдуулах ял оноосноос гадна хоёр жилийн хугацаанд аудио-визуал (дуу дүрсний) чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, хилийн хориг тавьжээ. Өмгөөлөгчдийнх нь мэдээлснээр есдүгээр сарын сүүлээр Кум хотын давж заалдах шатны шүүх шүүгдэгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ираны бусад уран бүтээлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид энэхүү шийтгэлийг эрс буруушааж, ташуураар шийтгэх нь хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаасан үйлдэл төдийгүй эрүүдэн шүүхийг хориглосон олон улсын хэм хэмжээг зөрчиж буй хэрэг хэмээн анхааруулжээ. Даваа гарагт Ахмади болон түүнтэй хамт шүүгдсэн дөрвөн эрэгтэйг Кум хотын эрүүгийн ял гүйцэтгэх албаны гуравдугаар хэлтэст ташуурдсаныг өмгөөлөгчдийн нэг мэдээлсэн байна. "Бид шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, эсвэл ядаж ялыг хөнгөрүүлэх, хойшлуулахын тулд чадах бүхнээ хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Би болон бусад өмгөөлөгчид ял гүйцэтгэх ажиллагааг хойшлуулахыг хүссэн, гэтэл ял гүйцэтгэх албаныхан шийтгэлийг нэн даруй гүйцэтгэх байр суурьтай байсан” гэж тэр ярьжээ. Шинэчлэлийг дэмжигч Этемад сонинд өөр нэг өмгөөлөгч "Парасту Ахмадийг дуулсных нь төлөө, мөн хүссэнээрээ хувцасласных нь төлөө ташуурдаж шийтгэсэн явдал бол түүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Энэ нь Ираны эрх баригчид эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарлах, тэдний ялгаварлан гадуурхсан хууль, бодлогыг эсэргүүцэх зориг гаргасан хэнийг ч харгис хэрцгийгээр шийтгэх шийдэмгий байдлаа харуулсан аймшигтай жишээ боллоо" гэж ярьсан байна. Шариатын хуульд үндэслэсэн Ираны хууль тогтоомжийн дагуу өсвөр насны охид болон эмэгтэйчүүд үсээ хижабаар халхлах, мөн биеийн галбираа нуухуйц сул, урт хувцас өмсөх үүрэгтэй байдаг. 2022 оны есдүгээр сард Техран хотод "ёс суртахууны цагдаа”-гийн албан хаагчид Махса Амини хэмээх 22 настай Курд бүсгүйг хижабаа "буруу зүүсэн" гэх шалтгаанаар саатуулсан бөгөөд тэрбээр цагдан хоригдож байхдаа амиа алдсаны улмаас Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Шашны хатуу дэглэмийн эсрэг улс орон даяар болсон жагсаал цуглааны үеэр эмэгтэйчүүд толгойн алчуураа шатаах, агаарт даллах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв. Эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасны улмаас олон зуун хүн амиа алдсан билээ. Тэр үеэс хойш олон охид, эмэгтэйчүүд хувцаслалтын хатуу журмыг илт зөрчиж, олон нийтийн газар үсээ халхлахаа бүрмөсөн больсон байна. Үүний хариуд эрх баригчид үе үе баривчилгаа явуулах, анхааруулга өгөх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр иржээ. Эх сурвалж: BBC
