Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээ
Ням гарагт Ливийн эрэг орчимд байсан Оросын байлдааны хоёр хөлөг онгоцонд тэнгисийн дрон ашиглан довтолсноо Украин улс хүлээн зөвшөөрчээ. Үүнд Оросын хамгийн орчин үеийн хөлөг онгоцнуудын нэг болох "Меркурий" өртөж, живсэн байна. Украины аюулаас хамгаалах албаны (СБУ) мэдээлснээр уг ажиллагааны үеэр дотооддоо үйлдвэрлэсэн долоон ширхэг тэнгисийн дроныг ашиглажээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг "үлгэр жишээ" ажиллагаа болсон гэж магтсан байна. "Бид тодорхой усан бүсүүдэд ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бид Оросын түрэмгийлэлд хариу барьж, Украины зэвсгийг хөгжүүлж байна" гэж тэр нэмж мэдэгджээ. Зеленский ингэхдээ дроноос авсан дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд үүнээс дронууд Бенгази дахь тэнгисийн цэргийн баазад зогсож байсан байлдааны хөлөг онгоцны хажуу талаас мөргөж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн хүчтэй дэлбэрэлт үүсгэж буй нь харагдаж байна. СБУ мэдэгдэлдээ "Украины батлан хамгаалах хүчин Оросын цэргийн флот болон тэдгээрийн хангамжийн сүлжээнд, тэр ч байтугай Хар тэнгисээс хол газарт ч аюулгүй зам гэж байхгүйг дахин нотоллоо" гэжээ. Зеленскийн хэлснээр Ням гарагт цохилтод өртсөн нөгөө хөлөг болох “MV Angara" ачааны хөлгийг Орос улс зэвсэг тээвэрлэхэд ашиглаж байсан гэнэ. Украины фронтын шугамаас 2,400 км зайд явагдсан энэхүү ажиллагаа нь Киевийн зэвсэгт хүчний алсын зайд хэрэгжүүлсэн зоригтой довтолгоонуудын нэг боллоо. Өнгөрсөн долоо хоногт Украин улс Оросын нутгийг эзлэгдсэн Крымийн хойгтой холбодог гол зам болох Керчийн гүүр болон Балтийн тэнгисийн боомт хот Калининградын чиглэлд зорчиж байсан байлдааны хөлөгт агаараас довтолсон юм. “Institute for the Study of War” хүрээлэнгийн мэдээлснээр "Меркурий" хөлөг нь Оросын цэргийн хангамж тээвэрлэж байсан ачааны хөлгүүдийг хамгаалан явах замдаа хамтын ажиллагааны гэрээний дагуу түлш, хангамжаа нөхөхөөр Бенгазийн боомтод хэд хоног зогсож байжээ. 2023 оны тэнгисийн цэргийн парадын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путин шинээр хүлээн авсан 30 хөлөг онгоцны дундаас “Меркурий” хөлгийг онцлон дурдаж, Орос улс "тэнгисийн цэргийн хүч чадлаа тууштай бэхжүүлж байгаа"-гийн нотолгоо хэмээн сайшааж байв. Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд ч мөн уг хөлөг онгоцыг магтан сурталчилж байжээ. ТАСС агентлаг үүнийг "хамгийн сүүлийн үеийн пуужин тээгч корвет" гэж нэрлэсэн бол ТВ Центр суваг уг хөлөг онгоцыг "үл үзэгдэх технологи"-ийн (stealth technology) ачаар "радарт харагддаггүй" хэмээн магтсан байна. Сүүлийн жилүүдэд хуваагдмал байдалтай байгаа Ливи улс гаднын хүчнүүдийн мөргөлдөөний талбар болон хувираад байгаа. Москва олон жилийн туршид Ливийн зүүн хэсэгт байрлах Халифа Хафтараар удирдуулсан төв засгийн газраас тусгаарлагдсан зэвсэгт бүлэглэлийг дэмжсээр ирсэн. Ингэснээрээ тэд Ливийн зүүн бүсийг Умард Африк болон Сахелийн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх түшиц газар болгон ашиглахыг зорьж байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард эх сурвалжууд Украины дроны мэргэжилтнүүд Ливийн баруун хэсэгт орших Мисрата, Триполи, Завия хотууд дахь цэргийн байгууламжуудад ажиллаж байгааг мэдээлж байжээ. Тэд Газрын дундад тэнгист зорчиж байсан Оросын “сүүдрийн флот”-ын хөлгүүдэд халдах ажиллагааг зохион байгуулсан нь сүүлд тодорхой болсон. Тухайлбал гуравдугаар сард Оросын шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэгч хөлөг онгоц Ливийн эрэг орчимд живж байлаа. Эх сурвалж: Reuters
