Depository of News

Женсен Хуаны араар тавилтыг АНУ-ын нэг сенатор “Тройн Хеленээс хойших хамгийн өндөр өртөгтэй секс” гэж нэрлэв

ikon.mn · politics

Nvidia компанийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуаны гадаадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй тогтоосон дотно харилцааг АНУ-ын сенатор Жон Кеннеди эртний Грекийн домогтой холбон "Тройн Хеленээс хойших хамгийн өндөр өртөгтэй секс" хэмээн тодорхойлжээ. Луизиана мужаас сонгогдсон Бүгд Найрамдах Намын гишүүн Кеннеди өчигдөр буюу Ням гарагт NBC телевизийн "Meet the Press" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ингэж хэлсэн байна. Тэрбээр Трой хотыг эзлэх дайныг дэгдээхэд хүргэсэн домгийн үзэсгэлэнт бүсгүй Хеленийг яриандаа дурджээ. Хөтлөгч Кристен Уэлкер хиймэл оюун ухааны (AI) салбарын огцом хөгжилд Nvidia компанийн чипүүд голлох байр суурь эзэлж буйг онцлоод Хуаны энэхүү харилцаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан эсэхийг асуусан юм. Хятадын тагнуул байж болзошгүй гэгдэх Алис Хуан болон Nvidia компанийн хоёр ажилтантай гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа Женсен Хуан арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Nvidia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч байв. Алис Хуан нь Сингапурт төвтэй Megaspeed International компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тус компани нь АНУ-ын экспортын хяналтын дүрмийг зөрчиж, ойролцоогоор $12 тэрбумын үнэ бүхий орчин үеийн чипүүдийг Хятад улсад нийлүүлсэн гэгдэж байгаа. Энэ үед Трампын засаг захиргаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан дэвшилтэт чипүүдийг Хятад улсад экспортлохыг хориглоод байсан юм. Хуаны "юу хийсэн" нь тийм ч чухал биш, харин Хятад улс АНУ-ын "экспортын хяналт"-ыг хэрхэн тойрч чадсан бэ гэдэг асуулт илүү чухал байгааг Кеннеди онцолжээ. Тэрбээр энэ талаар Трампын засаг захиргааны Худалдааны сайд Ховард Лютник, Сангийн сайд Скотт Бессент нараас тодруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. "Ноён Хуан... юу хийх ёстойгоо л хийсэн байх. Түүнд сайхан байсан гэж найдаж байна. Энэ бол Тройн Хеленээс хойших хамгийн өндөр өртөгтэй секс байлаа" гэж Кеннеди хэлжээ. Сенатор Жон Кеннеди Лютник нь Megaspeed компани Хятад руу чип хууль бусаар зөөвөрлөж байгаа тухай анхааруулгыг үл тоомсорлосон байж болзошгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Трампын засаг захиргааны бусад хүмүүс, тухайлбал Бессент дээрх компанийг АНУ-ын худалдааны хар жагсаалтад нэмэх хүсэлтэй байсан ч Лютник энэ хүчин чармайлтыг удаашруулсан гэсэн яриа гараад байна. Худалдааны яамны удирдлагуудын талаар хэлэхдээ Кеннеди нэг бол "тэд ямар ч ажил хариуцахад дэндүү чадваргүй хүмүүс”, эсвэл "тэд үүнийг болно гэдгийг мэдсээр байж зөвшөөрсөн" гэсэн хоёр л дүгнэлтэд хүрч болохоор байгааг тайлбарлажээ. Тэрбээр Бессент, Лютник нарыг Сенатын байнгын хорооны өмнө тангараг өргүүлж, “хүнд хэцүү асуултуудад" хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. "Хэрэв худалдааны нарийн бичгийн дарга Лютник манай чипүүдийг зүгээр тараагаад өгч байгаа юм бол бид үүнийг нь зогсоох хэрэгтэй гэж би бодож байна" хэмээн Кеннеди хэлжээ. Ням гарагт CBS News сувгийн "Face the Nation" нэвтрүүлэгт оролцохдоо Бессент өөрийнх нь засаг захиргаа Nvidia компанийн дагаж мөрдөх журам, дүрмийн асуудлыг хэн хариуцаж байгааг тодруулахын тулд тус компанийн түр удирдлага, гол захирлууд болон хуульчидтай холбогдсон талаар ярьсан байна. "Nvidia энэ асуултад хурдан хариу өгөх ёстой, учир нь бид тус компанид ямар соёл ноёрхож байсныг мэдэхийг хүсэж байна" гэж Бессент нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Эх сурвалж: The Guardian

Read full article →