Depository of News

“Defender”-ийг хуулбарласан үндэслэлээр BYD компанийн шинэ загварыг Европын Холбоонд худалдаалахыг шүүх хоригложээ

ikon.mn · economy

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн "Defender-ийн хуулбар" гэж нэрлэгдсэн загварын автомашиныг Европын Холбооны нутаг дэвсгэрт худалдаалахыг Нидерландын шүүх хоригложээ. Энэхүү шийдвэр нь Jaguar Land Rover (JLR) компани оюуны өмчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гарсан байна. BYD компани өөрийн цахим хуудсаараа дамжуулан Их Британийн хэрэглэгчдээс "Ti7" загварын долоон хүний ​​суудалтай SUV ангиллын автомашины захиалга авч эхэлснээ зарласны дараа JLR компани хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Гааг хотын дүүргийн шүүхийн шийдвэрт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Ti7 загвар нь Jaguar Land Rover компанийн Европын Холбоонд бүртгэлтэй дизайны эрхийг зөрчиж байна гэж шүүгч үзлээ. Уг дизайны онцлог шинж чанарууд болон өвөрмөц элементүүд нь BYD Ti7 загварт тусгагджээ" гэж дурдсан байна. Баасан гарагт гарсан уг шийдвэр нэг долоо хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн баримт бичигт BYD компани "одоогоор Ti7 загварыг Европын Холбооны зах зээлд гаргах тодорхой төлөвлөгөөгүй" байгааг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч BYD-ийн Их Британи дахь үйл ажиллагаанд тус шүүхийн шийдвэр нөлөөлж чадахгүй юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Хятадын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн BYD-ийн "plug-in" (цахилгаан болон шаталтат хөдөлгүүр хосолсон) SUV загварыг салбарын шинжээчид Land Rover Defender-тэй зүйрлэж байгаа бөгөөд BBC-ийн "Top Gear" сэтгүүл үүнийг "Defender-ийн Хятад хуулбар" гэж нэрлэж байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав BYD компанийн цахим хуудсанд "Тод дөрвөлжин хэлбэр нь SUV худалдан авагчдын таашаалд нийцэх сүрлэг, бат бөх загварыг бий болгохын зэрэгцээ орчин үеийн дүр төрхийг бүрдүүлж өгдөг" гэж тодорхойлжээ. Ti7 загвар нь Их Британид 47,995 фунт стерлингийн үнээр худалдаалагдаж эхэлсэн нь Defender-ээс 20,000 гаруй фунт стерлингээр хямд бөгөөд захиалагчдад 2027 оны нэгдүгээр сараас эхлэн нийлүүлэгдэх төлөвтэй байна. JLR-ийн долоон хүний ​​суудалтай Defender загвар нь Их Британид хамгийн их борлуулалттай автомашинуудын нэг бөгөөд тус компанийн хамгийн алдартай загвар юм. Энэтхэгийн Tata Motors компанийн эзэмшилд Их Британид төвлөрдөг уг автомашин үйлдвэрлэгч нь энэ оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд 29,500 ширхэг Defender борлуулсан нь жилийн өмнөх мөн үеэс 4,000 гаруйгаар давсан үзүүлэлт болжээ. JLR мэдэгдэлдээ "Бид оюуны өмчөө хамгаалдаг бөгөөд шаардлагатай үед хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Одоогоор шүүх ажиллагаа үргэлжилж байгаа тул бид энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй" гэсэн байна. Харин BYD компани уг шийдвэрийг "огт хүлээн зөвшөөрөхгүй" байгаагаа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлжээ. BYD компанийн зүгээс "BYD Ti7 загвар нь манай компанийн бие даасан дизайны ажлын үр дүн бөгөөд JLR-ийн ямар ч эрхийг зөрчөөгүй. Энэхүү шийдвэр буруу болохыг нотлохын тулд бид хуулиар олгогдсон бүх боломжийг ашиглах болно" гэж мэдэгдсэн байна. Мөн шүүхээс оюуны өмчийн маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл BYD компанид Унгар улсын Сегед хот дахь шинэ үйлдвэртээ (2026 оны сүүлээс автомашин үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй) уг тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхийг хоригложээ. Уламжлалт автомашин үйлдвэрлэгч олон компани Хятадын өрсөлдөгчдөө өөрсдийнх нь дизайныг хуулбарласан талаар удаан хугацааны турш гомдоллож ирсэн ч өнөөг хүртэл энэ асуудал шүүхээр шийдэгдсэн тохиолдол цөөн байв. Европын автомашин үйлдвэрлэгчид дизайны эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд хандах нь харьцангуй ховор үзэгдэл юм. Харин JLR компани энэ асуудалд нухацтай ханддаг бөгөөд өмнө нь "Jiangling Motors Corporation"-ийн хуулбарласан загварын тээврийн хэрэгслийн худалдааг зогсоох шүүхийн маргаанд гурван жил тэмцсэний эцэст 2019 онд ялалт байгуулж байсан түүхтэй. Эх сурвалж: AFP

Read full article →