Depository of News

Улсын шалгалтад хиймэл оюуны технологи ашигласан гэх дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд огцорлоо

ikon.mn · tech

Элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюуны технологи ашиглан хууран мэхэлсэн үйлдэл гарсан тухай дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд Чой Кё-жин албан тушаалаасаа огцорлоо. Пүрэв гарагт болсон их сургуулийн элсэлтийн шалгалт буюу "Сунын" (Suneung)-ы үеэр хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглан хууран мэхлэх явдлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан нь тодорхой хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд үүнд өөрийгөө буруутгаж, бүрэн хариуцлага хүлээж байгаагаа сайд мэдэгдсэн байна. Долоо хоногийн өмнө татварын мэргэшсэн нягтлан бодогчийн улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн бичил камер, гар утас болон хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашигласнаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүний улмаас эрх баригчид дараа дараагийн шалгалтын үеэр нууц төхөөрөмжүүдийг илрүүлэх яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Нийт есөн цаг үргэлжилдэг "Сунын" шалгалт нь Өмнөд Солонгосын сая сая иргэний ирээдүйн ажил мэргэжлийн замналд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ёнхап агентлаг Ням гарагт мэдээлснээр сайд Чой "Хариуцсан сайдын хувьд би урьдчилан бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй гэсэн шүүмжлэлээс зайлсхийх аргагүй юм" гэж хэлжээ. Тэрбээр цааш нь "Шалгалт дууссан тул би хариуцлагаа гүнээ ухамсарлаж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байна" гэж хэлсэн байна. Одоогийн шалгалтын тогтолцоог бүрмөсөн шинэчлэхийг уриалж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён сайд Чойн огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Боловсролын яамны мэдээлснээр 500 орчим мянган сурагч оролцсон энэ жилийн "Сунын" шалгалтын үеэр 111 шалгуулагчаас хориглогдсон ухаалаг төхөөрөмжүүд илэрсэн байна. Хиймэл оюун ухааны төхөөрөмж ашиглан хууран мэхэлсэн тухай мэдээллүүд гарсны дараа маш өрсөлдөөнтэй болдог энэхүү шалгалтын үеэр шударга бус үйлдэл гаргах вий гэсэн болгоомжлол эрс нэмэгдээд байв. Дөрөвдүгээр сард болсон татварын мэргэшсэн нягтлан бодогчийн улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан Хан Вон-сок хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрснөөр энэхүү болгоомжлол дээд цэгтээ хүрсэн юм. Тэрбээр нийт 160 асуултаас ердөө нэгэнд нь л буруу хариулж, ер бусын өндөр оноо авч байв. “Би шалгалтын асуултын зургийг бичил камераар авснаа хиймэл оюунаар шалгаж, зөв хариултыг нь гар утсандаа авч байсан” гэж 34 настай Хан видео мэдэгдэлдээ тайлбарласан юм. Үүний дараа эрх баригчид шалгалтын танхимд нэвтрүүлсэн ухаалаг техник хэрэгслүүдийг илрүүлэх шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Үүнд шалгалтын өдөр улс орон даяар онцгой байдлын сэрэмжлүүлэг мессэж илгээх зэрэг арга багтаж байлаа. Пүрэв гарагт орон нутгийн цагаар 08:00-15:00 цагийн хооронд гурван удаа ийм сэрэмжлүүлэг илгээсэн нь улс орон даяар бүх гар утаснуудыг нэгэн зэрэг дуугарахад хүргэсэн бөгөөд үүнд дууг нь хаасан болон роуминг горимд байгаа утаснууд хүртэл хамрагдсан юм. Зөвхөн унтраасан болон нислэгийн горимд байсан гар утаснууд л дуугараагүй байна. Энэ нь Өмнөд Солонгос улс шалгалтын луйварчдыг барихын тулд гамшгийн үндэсний сэрэмжлүүлгийн системээ анх удаа ашигласан явдал байлаа. Шалгалтад оролцогчид мөн нууц камерыг хаахын тулд цамц, хүрмийнхээ товчнуудыг битүүлэх шаардлагатай болсон бөгөөд эрх баригчид тэдний нүдний шил бүрийг нарийвчлан шалгасан байна. Энэ бүх арга хэмжээ нь шударгаар шалгуулж буй хүүхдүүдийг хүртэл сандаргаж, сэтгэл зүйн дарамтад оруулсан юм. Эх сурвалж: BBC

Read full article →