Depository of News

С.Гэгээн: Англи хэл сурах хамгийн сонирхолтой аялал номын хуудаснаас эхэлдэг

ikon.mn · world

Hippo олон улсын англи хэлний олимпиадын 2026 оны “ҮНДЭСНИЙ АВАРГА”, Дэлхийн финалд 7-р байранд шалгарсан НЕБ-ын 11-р сургуулийн сурагч Сод-Эрдэнийн Гэгээнтэй англи хэл суралцах үр дүнтэй аргуудын талаар ярилцлаа. - Англи хэлтэй анх хэрхэн танилцаж, хэл сурах сонирхол тань яаж бий болсон бэ? - Би багаасаа англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж, ном унших дуртай байсан. Анх Peppa Pig цувралыг их үздэг бас үзсэн ангийнхаа үйл явдлыг өгүүлсэн номуудыг нь уншдаг байсан. Мөн Dr.Seuss-ийн The Cat in the Hat, Green Eggs and Ham гэх мэт богино өгүүлбэртэй, үгийн давталт ихтэй номуудыг уншдаг байлаа. Эдгээр ном шинэ үгсийг таньж, өгүүлбэрийн бүтцийг ойлгон, англи хэлээр бие даан унших дадалтай болоход минь их тусалсан. Сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан байсан болохоор ер нь ном уншиж л англи хэл сурсан даа. - Англи хэлний мэдлэгээ сорьж Hippo олон улсын олимпиадад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу. - Хиппо олимпиад хэд хэдэн үе шаттай бас их олон оролцогчтой, өрсөлдөөнтэй олимпиад юм шиг санагддаг. Миний оролцсон ангилалд эхний шатанд 2200 гаруй хүүхэд оролцож, тэднээс 460 нь үндэсний финалын шатанд шалгарсан. Би үндэсний шатанд 1-р байр эзэлж, дэлхийн финалд шууд оролцох эрхтэй болсон. Дэлхийн финалд олон улсын нийт 52 сурагч өрсөлдсөнөөс 7-р байрт орсон. Миний хувьд маш гоё туршлага болсон. Дэлхийн финалд оролцож байгаа Англи хэлэндээ сайн байгаа хүүхдүүдийг ажиглахад тэд бас ном их уншдаг хүүхдүүд байсан. Энэ нь надад их сонирхолтой санагдсан. Ном унших нь англи хэлээ хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг илүү сайн ойлгож, өөрөө ч илүү их унших хүсэлтэй болсон. - Ном уншиж англи хэл сурах нь бусад аргаар сурахаас юугаараа ялгаатай онцлог давуу талтай байдаг вэ? - Ном уншихын хамгийн давуу тал гадаад үгийн бодит хэрэглээг нь сурдагт байдаг гэж боддог. Жишээлбэл, шинэ үгтэй таарахад тухайн өгүүлбэр, үйл явдлын утгаас нь ойлгохыг илүү хичээдэг. Ингэснээр үгийн утгыг цээжлэхээс гадна ямар нөхцөлд, хэрхэн хэрэглэдгийг нь давхар сурчихдаг. Мөн ном уншихдаа өөрийнхөө хурдаар явж, ойлгохгүй хэсгээ дахин уншиж, сонирхсон зүйлээ илүү гүнзгий судлах боломж олддог. Хамгийн гоё нь, дуртай номоо уншиж байгаа болохоор англи хэл өөрөө уйтгартай даалгавар биш, харин зугаатай зүйл болдог. Миний бодлоор англи хэл сурах хамгийн сонирхолтой аялал номын хуудаснаас эхэлдэг гэж боддог. - Англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадвараа хэрхэн хөгжүүлдэг вэ? Миний хувьд англи хэлний чадварыг ном уншихтайгаа холбож хөгжүүлэх нь их амар санагддаг. Ном уншсаны дараа төрсөн сэтгэгдэл, сонирхолтой санагдсан хэсэг, шинэ үг хэллэгээ англиар тэмдэглэж бичдэг. Мөн уншсан номынхоо тухай подкаст, видео сонсож, тухайн номыг уншсан бусад хүмүүсийн үзэл бодол, өөр өөр өнцгийг сонирхдог. Бас уншсан номынхоо тухай гэрийнхэндээ ярих, эсвэл өөртөө зориулж англи хэлээр аудио бичдэг. Бас ном орчуулах нь зөвхөн өөртөө уншаад ойлгохоос илүү үгийн оновчтой сонголт, найруулга гэх зэрэг олон зүйлс дээр сорьдог, хөгжүүлдэг юм байна гэж бодсон. Иймэрхүү байдлаар л хөгжүүлдэг дээ. - Англи хэл сурч эхэлж байгаа болон түвшингээ ахиулахын хүсэж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? - Эхлээд өөрийнхөө хэлний түвшинд тохирсон ном уншиж аажмаар илүү зузаан, агуулга сайтай ном сонгож болно. Мөн нэг номоо уншаад дуусгахдаа л анхаарах биш, уншсан зүйлээ өөрийнхөөрөө ойлгож, бодож, бусадтай хуваалцаарай. Номынхоо тухай англиар ярьж үзэх, сэтгэгдлээ бичих, тухайн номын талаар подкаст сонсох зэрэг нь хэлээ илүү ашиглаж, ойлгож сурахад тусална. Одоо үед бүх зүйл англиар болсон. Мөн хэл сурах нь өөрөө маш сайхан зүйл. Тийм учраас практик хэрэглээнээс гадна “бүтэн урлаг, шинжлэх ухаан энд байгаа” гэж харах нь илүү сонирхолтой болгох байх. - Англи хэлийг сурахад хамгийн чухал 3 зүйлийг нэрлэ гэвэл юу гэх вэ, яагаад? - Мотивац, “Тууштай байдал мотивацаас дээр” гэдэг л дээ. Гэхдээ дургүй зүйлдээ тууштай байвал зүгээр л нэг ажил, алба болно. Тэгэхээр бас дуртай байх нь чухал. Тууштай байдал, Хэл сурахад бас тууштай байдал чухал. Хэд хоног баяртай дуртай хийж байгаад болиод байвал юу ч үлдэхгүй. Бүтээлч арга, Өөрийгөө сурах бичгээр нүдээд байвал залхана, тэгэхээр дуртай сонирхолтой зүйлтэйгээ нийцүүлж бүтээлч аргаар сурах нь үр дүнтэй байх гэж бодож байна. - Чи англи хэлнээс өөр гадаад хэл бас сурч байгаа юу? - Би Испани хэл сүүлийн 3 жил сурч байгаа. Сая бас Хиппо олимпиадын дэлхийн финалд оролцохоо Испани хэлээ турших боломж олдсонд бас баяртай байсан. - Нэг хэл сурахаар дараагийн хэл сурахад амар байдаг уу? - Миний бодлоор амархан байдаг ч байж магадгүй. Хэл сурах нэг арга барилтай болчихоор дараагийн хэлээ сурах нь арай хялбар болдог байх. - Ярилцсанд баярлалаа, Амжилт хүсье!

Read full article →