Depository of News

Умард Каролинад ялалт байгуулсан Ардчилсан Нам 1992 оноос хойш АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хамгийн том олонх болов

ikon.mn · world

Умард Каролина мужид Ардчилсан Намын нэр дэвшигч Чак Хаббард өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын Виржиниа Фоксыг ялснаар Ардчилсан Нам 1992 оноос хойших хамгийн олон суудлыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд бүрдүүлж чадлаа. Ням гарагт саналын хуудасны 99 хувийг тоолсны дараа Хаббард 330 саналын зөрүүгээр Фоксыг ялсан нь тодорхой болсон юм. Энэ нь саяхан болж өнгөрсөн Конгрессын завсрын сонгуулийн хамгийн ширүүн өрсөлдсөнтэй тойргуудын нэг байлаа. Одоогоор Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан Нам 258 суудалтай болоод байгаа бол Бүгд Найрамдах Нам 173 суудалтай болоод байна. Өөр дөрвөн тойргийн дүн хараахан гараагүй байгаа. 1992 онд Билл Клинтон ерөнхийлөгчөөр сонгогдож, Ардчилсан Нам нийт 258 суудал авч байснаас хойш аль ч нам Төлөөлөгчдийн танхимд ийм олон суудал авч байгаагүй юм. Умард Каролина мужийн 5 дугаар тойргийг 2005 оноос хойш төлөөлж буй Фокс саналыг дахин тоолох хүсэлт гаргасны дараа Ням гарагийн үр дүн гарчээ. Мужийн хуулийн дагуу ялалтын зөрүү 1 хувиас бага байвал санал дахин тоолохыг зөвшөөрдөг. Тэрбээр Ням гарагт ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэлдээ "Би бодит шийдэл, консерватив үнэт зүйлсэд суурилсан мөрийн хөтөлбөрөөр сонгуульд өрсөлдсөн. Хэдийгээр бид цөөн хэдэн саналын зөрүүгээр ялагдсан ч Умард Каролинагийн олон сонгогч миний нэр дэвших эрхийг дэмжсэнд би гүнээ талархаж байна" гэжээ. Хаббард X (хуучнаар Twitter) хуудсандаа Фокстой ярилцсан тухайгаа бичээд түүнийг “саналын хуудас дахин тоолсны дараа ялагдлаа хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрсөн" гэж магтсан байна. Тэрбээр цааш нь "Албан тушаалыг хүлээлгэн өгөх үйл явцыг саадгүй явуулах, мөн тойргийн иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд түүний гаргасан хичээл зүтгэлийг би өндрөөр үнэлж байна. Бидний санал бодол үргэлж нийцдэггүй байж болох ч бид хоёулаа Умард Каролина муж болон 5 дугаар тойргийн иргэдэд хайртай юм" хэмээн мэдэгджээ. Хаббард 2024 оны завсрын сонгуулиар Фокст 9 хувийн зөрүүгээр ялагдаж байсан юм. Түүний ялалт Өмнөд Каролина, Техас, Аляска, Айова зэрэг Бүгд Найрамдах Намын хүчтэй дэмжлэгтэй мужуудад Ардчилсан Намын нэр дэвшигчдийн байгуулсан цуврал ялалтуудын үргэлжлэл боллоо. Завсрын сонгуульд өрсөлдсөн Ардчилсан Намын олон нэр дэвшигчийн нэгэн адил Хаббард амьжиргааны өртгийн өсөлт, Ираны дайны нөлөө зэргийг мөрийн хөтөлбөрийнхөө гол сэдэв болгосон юм. Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар Ираны дайны улмаас үүссэн инфляц Бүгд Найрамдахчуудын ялагдлын гол шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөөд байгаа. Төлөөлөгчдийн танхимын сонгууль Теннесси, Миннесота мужуудад үргэлжилж байгаа бол Луизиана мужид хоёр тойргийн сонгуулийн санал хураалт арванхоёрдугаар сард дахин явагдахаар болсон. Теннесси мужийн дөрөвдүгээр тойрогт Ардчилсан Намын гишүүн Виктория Бродерик 300-аас цөөн саналаар тэргүүлж яваа бол Миннесота мужийн нэгдүгээр тойрогт Ардчилсан Намын гишүүн Жэйк Жонсон 500 хүрэхгүй тооны саналын илүүгээр тэргүүлж байна. Ардчилсан Намынхан ийнхүү Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд хяналтаа тогтоосноор ерөнхийлөгч Трамп, түүний ойр тойрны хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил болон бусад хууль бус байж болзошгүй үйлдлүүдийг шалгаж магадгүй болжээ. Сенат нь бас ерөнхийлөгчийн танхимын гишүүд болон шүүхийн нэр дэвшигчдийг батлах эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ Конгрессын хоёр танхимыг Ардчилсан Нам хянаж байсан ч Трамп хууль тогтоомжид хориг тавих боломжтой тул тэдний эрх мэдэл хязгаарлагдмал хэвээр байх юм. Эх сурвалж: BBC

Read full article →