Ливийн эрэгт зогсож байсан Оросын байлдааны хөлөг Украины тэнгисийн дроны цохилтод өртсөн байж болзошгүйг мэдээллээ
Ливи улс дахь Оросын тэнгисийн цэргийн баазад Украины дрон цохилт өгсөн байж болзошгүй хэрэг гарсныг Ням гарагт албаныхан мэдээлжээ. Энэ нь Орос-Украины дайны нөлөө Умард Африкийн энэ улсад хүрсэн сүүлийн нэг тохиолдол болж байна. Ливийн зүүн хэсэгт орших Бенгази дахь тэнгисийн цэргийн баазад болсон уг халдлагын улмаас Оросын байлдааны "Меркурий" хөлөг онгоц ноцтой гэмтэж, баазад гал гарсан тухай Ливийн цэргийн хоёр албан тушаалтан мэдээлжээ. Урьдчилсан шалгалтын дүгнэлтээр тухайн үед Ливийн баруун хэсэгт оршдог Украины зэвсэгт хүчний хянадаг баазаас хэд хэдэн тэнгисийн дрон хөдөлсний дөрвийг нь устгаж чадсан бол хоёр нь байлдааны хөлгийг оносон байна. Ливийн зүүн болон өмнөд хэсгийг хянадаг, өөрсдийгөө "Ливийн Үндэсний Арми" гэж нэрлэдэг зэвсэгт бүлэглэлийн албан тушаалтнууд нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр дээрх мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтнуудад өгчээ. 2011 онд НАТО-гийн дэмжлэгтэй бослогын үр дүнд олон жил эрх барьсан дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэм унаснаас хойш Ливи улс хоёр хэсэгт хуваагдаад байгаа. Одоогоор нийслэл Триполи хотод НҮБ-ын дэмжлэгтэй засгийн газар байрлаж байгаа бол зүүн хэсэгт өөр нэг засаг захиргаа үйл ажиллагаа явуулж байна. Газрын тосоор баялаг тус улс нь Орос болон Өрнөдийн орнуудын хооронд удаан үргэлжилсэн өрсөлдөөний нэг талбар болсон юм. Ливийн зүүн хэсэгт байрлах засгийн газраас гаргасан мэдэгдэлд Ням гарагт болсон халдлагын улмаас баазад дэлбэрэлт болж, гал гарсан ч хожим унтраасан тухай дурджээ. Халдлагад өртсөн хөлөг онгоц нь Орос болон Ливийн зүүн хэсгийн засгийн газрын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд түлш, хангамжаа нөхөж авахаар тус баазад зогсож байсан гэнэ. Гэхдээ хөлөг онгоцны төрөл болон тээвэрлэж явсан ачааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мэдэгдэлд дурдсанаар Ливийн зүүн хэсгийн засаг захиргаа "халдлага болсон нөхцөл байдал, эх үүсвэр болон түүний ард хэн байгааг тогтоох"-ын тулд Орос улстай хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор ямар нэг этгээд энэ халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна. Орос болон Украины аль аль нь энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Ням гарагийн орой орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Бенгази боомтын ойролцоо өөр нэг тэнгисийн дрон худалдааны хөлгийг оносон гэнэ. Ливийн баруун хэсгийн засгийн газар "Ливийн боомт болон иргэний байгууламжуудыг гаднын мөргөлдөөнд татан оруулах" болсонд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн нь Украины дайныг хэлсэн хэрэг бололтой. Тус засгийн газар мэдэгдэлдээ "Ливийг олон улсын мөргөлдөөний талбар, эсвэл гаднын гүрнүүдийн тооцоо бодох талбар болгохыг эрс эсэргүүцэж байгаагаа дахин нотолж байна" гэжээ. Энэ оны гуравдугаар сард Ливийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан Украины зэвсэгт хүчнийхэн Газар дундын тэнгист, Мальта улсын усан хилийн орчимд Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцонд дроноор халдсан байж болзошгүй хэрэг гарч байв. Тухайн үед дийлэнх нь дроны мэргэжилтнүүдээс бүрдсэн Украины зэвсэгт хүчний баг Мисрата хотын агаарын бааз, мөн нийслэл Триполи болон Завия хот дахь цэргийн бусад байгууламжуудад байрлан үйл ажиллагаа явуулж байсныг албаны хүмүүс баталж байжээ. Эх сурвалж: Associated Press
