Depository of News

Элсэлтийн шалгалтын үеэр хууран мэхэлсэн үйлдлийг мэдээлбэл $75,000-аар шагнахаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч амлав

ikon.mn · world

Бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён энэ долоо хоногт болсон их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр гарсан хуулах, хууран мэхлэх үйлдлийн талаар мэдээлэл өгсөн хүн засгийн газраас 100 сая воны ($75,000) шагнал авах боломжтойг мэдэгджээ. Тэрбээр энэхүү зөрчлийг төрийн албан хаагчдын оролцоотой авлигын хэрэгтэй дүйцэхүйц ноцтой гэмт хэрэг хэмээн тодорхойлсон байна. И Жэ Мён сошиал хуудсаараа дамжуулан энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ шагналыг хууран мэхлэлтийн тохиолдол бүрд олгох бөгөөд хэрэв нэг хүн хэд хэдэн зөрчлийн талаар мэдээлбэл нийт шагналын хэмжээ 100 сая воноос давах боломжтойг тайлбарлажээ. Хэрэв хууран мэхэлсэн этгээд өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хамсаатнуудынхаа талаар мэдээлэл өгвөл түүнд оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэхээс гадна мэдээлэл өгсөн хүнд шагналыг бүрэн олгохыг тэр амласан байна. "Их сургуулийн элсэлтийн шалгалтад хууран мэхлэх нь төрийн албан хаагчдын авлигын хэрэгтэй адил ноцтой гэмт хэрэг юм. Бид хууран мэхлэгчдийг эцэст нь тултал мөрдөж, олон зуун мянган шалгуулагчийн олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүй ​​хийж буй энэ үйлдлийг хатуу шийтгэх болно" гэж тэр мэдэгджээ. Энэ жил татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн хиймэл оюун ухаан (AI) болон цахим төхөөрөмж ашиглан хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрсний дараа улсын хэмжээний шалгалтуудад ийм арга хэрэглэх вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан засгийн газар хууран мэхлэлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг зарласны нэг нь энэхүү мөнгөн шагнал болжээ. Хууль зүйн боловсролын элсэлтийн шалгалтад (LEET) дээд оноо авсан 32 настай эрэгтэй хиймэл оюун ухаан ашиглан хууран мэхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл тарсан нь энэхүү болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлсэн юм. Тухайн эрэгтэй өөрийгөө хууран мэхлээгүйг батлахын тулд дахин шалгалт өгөхөө амлаж байсан ч их сургуулийн элсэлтийн шалгалт болсон өдөр буюу Пүрэв гарагт Сөүл хотын нэгэн зочид буудлаас цогцос нь олдсон байна. Их сургуулийн элсэлтийн шалгалт буюу "Сунын" (Suneung) нь олон жилийн турш шаргуу суралцсан ​​хүүхэд залуусын ирээдүйн ажил мэргэжил, амьдралын замналыг шийдвэрлэх чухал үйл явдалд тооцогддог юм. Эх сурвалж: Yonhap News

Read full article →