АНУ-ын эрэн сурвалжилж байсан хар тамхины томоохон гэмт хэрэгтнийг баривчилснаа Мексикийн тал мэдэгдлээ
Мексикийн арми Бямба гарагт АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын эрэн сурвалжилж байгаа хамгийн том 10 гэмт хэрэгтний нэг болох хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг баривчилснаа зарлалаа. Мексикийн Үндэсний Батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлснээр "Чапо Исидро" (Chapo Isidro) гэгддэг Фаусто Исидро Меза болон түүний бүлэглэлийн өөр хоёр удирдагчийг Баасан гарагийн шөнө Синалоа мужид тусгай хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр баривчилжээ. Энэ үеэр Гуасаве хотод цэргүүд болон гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хооронд буудалцаан болсны улмаас ойр орчмын иргэдийн дунд, тэр дундаа мэргэжлийн бэйсболын тэмцээн үзэж байсан хүмүүсийн дунд үймээн самуун дэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мексикийн армийн мэдээлснээр 44 настай "Чапо Исидро" нь хүчирхэг Синалоа картелийн доторх хоёр өрсөлдөгч бүлэглэлийн нэгтэй холбоотой "Белтран Лейва" бүлгийн толгойлогч аж. Түүнийг баривчлах үеэр бүлэглэлдээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүн болон санхүүгийн үйл ажиллагааг хариуцдаг гэх өөр нэг эрэгтэй мөн баривчлагджээ. Тэднийг Мексикийн Агаарын цэргийн хүчний онгоцоор нийслэл Мехико хотод тээвэрлэн хүргэсэн бөгөөд "холбогдох прокурорын байгууллагын мэдэлд шилжүүлж өгсөн" тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Өмнө нь гэмт хэргийн бүлэглэлийн бусад толгойлогчдыг баривчлах үед тохиолдож байсанчлан энэ удаагийн ажиллагааны дараа Синалоа мужийн хэд хэдэн хэсэгт хүчирхийлэл гарчээ. Мексикийн арми тэдний зам хаах, тээврийн хөдөлгөөнд саад учруулах үйлдлийг таслан зогсоох ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ. "Чапо Исидро"-д Мексик болон АНУ-ын аль алинд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (FBI) түүнийг хамгийн их эрэн сурвалжилж буй 10 гэмт хэрэгтний жагсаалтад оруулсан бөгөөд түүнийг баривчлахад хүргэх мэдээлэл өгсөн хүнд $5 саяын шагнал амлаж байжээ. FBI-ын мэдээлэлд түүнийг Фаусто Исидро Меза-Флорес хэмээн нэрлэж, түүний удирддаг бүлэглэлийг "АНУ руу их хэмжээний хероин, метамфетамин, кокаин, фентанил болон марихуан" хууль бусаар нэвтрүүлдэг гэсэн байна. Эх сурвалж: AFP
