Финландын буланд зорчиж байсан Оросын ачааны хөлөг нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ
Балтийн тэнгисийн эрэгт тусгаарлагдсан Оросын нутаг дэвсгэр болох Калининградын чиглэлд зорчиж байсан ачааны хөлөг онгоц Финландын булангийн зүүн хэсэгт дроны цохилтод өртсөн тухай Орос болон Финландын эрх баригчид мэдээлжээ. Бямба гарагийн өглөө халдлагад өртсөн "Спарта II" нэртэй уг хөлөг онгоц галд автаж, улмаар Финландын усан хилд нэвтэрсэн байна. Уг халдлагын ард Украин улс байх магадлалтайг Финландын батлан хамгаалах хүчнийхэн мэдээлсэн бол Киевийн эрх баригчид одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Финландын ерөнхий сайд Петтери Орпо "Дайн бидний ойр орчимд тулж ирлээ. Украин улс түрэмгийлэгчийн эсрэг тэмцэх эрхтэй" гэж мэдэгджээ. Калининградын захирагч Алексей Беспрозванныхын хэлснээр уг халдлагад хоёр дрон ашиглагдсан бөгөөд тус бүс нутгийн хангамжид ямар нэгэн "аюул заналхийлэл учруулаагүй" гэнэ. "Спарта II" хөлөг онгоц нь Оросын компанийн эзэмшилд байдаг бөгөөд 2022 онд АНУ-ын, харин энэ оны эхээр Украины засгийн газрын хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн юм байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цахим хуудсанд нь дурдсанаар уг компани 2011 онд Оросын батлан хамгаалах яамны бүтцэд байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш цэргийн барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ. Финландын эргийн хамгаалалтын алба Бямба гарагийн орон нутгийн цагаар 08:50 цагийн орчимд цохилтын талаар мэдээлэл хүлээн авсан бөгөөд ачааны хөлөг онгоц Финландын булан дахь Суурсаари арлаас баруун зүгт ойролцоогоор 50 км зайд байгааг тогтоосон байна. Финландын хилийн албаныхан үүний улмаас тухайн бүс нутагт "агаарын болон далайн тээврийн түр хязгаарлалт" тогтоожээ. Уг хэрэг явдлаас хойш удалгүй Финландын батлан хамгаалах яамнаас Оросын нисдэг тэрэг тус улсын агаарын орон зайг зөрчсөн байж болзошгүйг мэдээлсэн бөгөөд энэ нь "аврах эсвэл мөрдөх ажиллагаа"-тай холбоотой байж магадгүй гэнэ. Калининградын захирагч Телеграм сувагтаа Оросын аврах хөлөг онгоц уг хөлөгт ойртож очсон боловч багийнхан нь нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэнийг дурджээ. "Багийнхан одоогоор шаардлагатай ажлуудыг хийж байгаа бөгөөд цааш аяллаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж тэр нэмж мэдээлсэн байна. Харин сүүлд Финландын хилийн хамгаалалтын албанаас хөлгийн багийнхан Оросын өөр хөлөгт шилжин сууж, Оросын боомт руу хөдөлснийг мэдээлжээ. Энэ үеэр аврах хөлөг шатсан хөлгийн дэргэд үлдсэн гэнэ. Мөн байгаль орчинд ямар нэгэн хохирол учраагүй, далайн тээвэр болон хүмүүст аюул учрах эрсдэл байхгүйг Финландын тал мэдэгджээ. Калининград бол Польш, Литва улсуудын дунд орших Оросын үндсэн газар нутгаас тусгаарлагдсан хэсэг юм. Батлан хамгаалахын сайд Антти Хяккянен халдлагын мөрөөр шалгах ажлыг Финландын хилийн алба хариуцаж, холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдээлжээ. Мөн НАТО-д энэ талаар мэдээлэл өгсөн гэнэ. 2022 онд эхэлсэн Орос-Украины дайны хүрээнд Балтийн тэнгис нь мөргөлдөөний халуун цэг болоод байгаа. Сүүлийн үед Украин улс фронтын шугамаас цааш Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү чиглэсэн алсын тусгалын цохилтуудаа эрчимжүүлээд байгаа юм. Энэ сарын эхээр Финландын буланд байрлаж байсан Оросын байлдааны хөлөг онгоц Украины дроны цохилтод өртөж байлаа. Эх сурвалж: BBC
