Украины рэпперийн амь насанд халдах төлөвлөгөөнд оролцсон үндэслэлээр Дани улс Оросын дипломатчийг хөөжээ
Украины рэпперийн амийг хөнөөх оролдлогын ард Орос улс байж болзошгүй гэсэн үндэслэлээр Копенхагенд суугаа тус улсын батлан хамгаалахын атташег нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа Дани улсын гадаад хэргийн сайд Баасан гарагт зарлажээ. Ларс Лёкке Расмуссен хэвлэлийн хурлын үеэр "Бид Оросын элчин сайдыг гадаад хэргийн яаманд дуудаж, Оросын батлан хамгаалахын атташег Дани улсаас албадан гаргах засгийн газрын шийдвэрийг танилцууллаа" гэж хэлээд түүнд долоо хоногийн дотор тус улсыг орхин явах хугацаа өгснийг дурдсан байна. Сайд мөн Дани улс Оросын иргэдэд Шенгений виз (Европын хил хязгааргүй бүсэд нэвтрэх зөвшөөрөл)-ийг олгохоо зогсоох асуудлыг хэлэлцэж байгааг нэмж мэдээлжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Данийн ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг "Дани болон Европ тивд үүсээд буй ноцтой аюулын нөхцөл байдлыг тод харуулсан жишээ" гэж тодорхойлсон байна. Тэрбээр цааш нь "Бид улам бүр түрэмгий болж, эрсдэлтэй алхам хийх хандлага нь нэмэгдсэн, мухардмал байдалд орсон Орос улстай нүүр тулгарч байна" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Данийн Тагнуулын Албаны (PET) хүмүүс Орос улс 2021 оноос хойш хориглогдсон Данийн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн тусламжтайгаар Копенхагены захын дүүрэгт болсон концертын үеэр Украины рэпперийн амийг хөнөөхөөр төлөвлөсөн байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа мэдэгдсэн юм. PET-ийн мэдээлснээр концертын өмнөхөн ойролцоох машинаас гурван хүнийг саатуулсан байна. Тээврийн хэрэгслийг нэгжих үед галт зэвсэг, хутга илэрчээ. Баасан гарагт тэдний хоёрыг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, мөн Дани улс дахь гадаадын тагнуулын албаны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн хэргээр албан ёсоор шалгаж эхэлсэн байна. Цагдаа болон тагнуулын албаныхан "Loyal to Familia" хэмээх Данийн гудамжны гэмт хэргийн бүлэглэлийг энэхүү халдлагыг төлөвлөхөд оролцсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. PET-ийн дарга Расмус Киффер-Кристенсен хэвлэлийн хурлын үеэр "Бидний дүгнэлтээр энэ хэрэг нь Оросын тагнуулын албаныхан Дани улсын нутаг дэвсгэрт хүний аминд халдах ажиллагаа явуулахыг завдсаныг харуулж байна" гэж мэдэгджээ. Данийн олон нийтийн телевиз DR-ийн мэдээлснээр халдлагад өртөх шахсан рэппер нь Украин болон Америкийн давхар иргэний харьяалалтай "Kyivstoner" (Киевстонер) гэгч уран бүтээлч юм байна. Орос улс Украины нутаг дэвсгэрт довтолсноос хойш Дани улс Киевийн гол дэмжигчдийн нэг болсон юм. “Дани улсын үзүүлж чадах хамгийн хүчтэй хариу үйлдэл бол тууштайгаар Украиныг дэмжих явдал юм. Бид цаашид ч үргэлжлүүлэн дэмжихдээ бүрэн итгэлтэй байна” гэж Расмуссен хэлжээ. Харин ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Москва зохих хариуг нь барих болно” хэмээн хэлснийг ТАСС агентлаг уламжилсан байна. Эх сурвалж: Reuters
