Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав пара таеквондогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Мүжү хотноо пара таеквондогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өчигдөр нээлтээ хийсэн юм. 11 дэх удаагийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний эхний өдөр БНХАУ, Азербайжан, Иран, ОХУ болон Пуэрто Рикогийн тамирчин алтан медаль зүүлээ. Манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй бөгөөд эхний өдөр Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Энэ жинд БНХАУ-ын Юүжи Ли алт, Ираны Захра Рахими мөнгө, Гүржийн Ана Жапаризе, Монголын У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү паралимпын аварга У.Сүрэнжав дэлхийн дэвжээнээс хошой хүрэлтэй боллоо. Тэрбээр өмнө нь 2023 онд хүрэл медаль зүүж байв. Өнөөдөр гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр нар өрсөлдөж байна.
