Depository of News

Хятадад болсон “ач холбогдолгүй” уулзалтаас үр дүнгүй буцаж ирсэн Трамп эх орондоо ширүүн шүүмжлэлтэй тулгарав

ikon.mn · world

Хятад улсын Шэньжэнь хотод Ши Жиньпин, Владимир Путин нартай гурван талт уулзалтад оролцоод буцаж ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг өчигдөр эх оронд нь ширүүн шүүмжлэлтэй угтаж авсан байна. Тэрбээр энэ сарын эхээр Конгрессын завсрын сонгуульд ноцтой ялагдал хүлээснийхээ дараа Азийн орнуудаар айлчилсан юм. Баасан гарагт Цагаан ордонд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Трамп сүүлийн хэдэн өдөр Шэньжэнь, Манила хотуудад хийсэн айлчлалаа "аугаа бөгөөд маш чухал ач холбогдолтой айлчлал" хэмээн тодорхойлсон байна. Гэвч АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон түүний өрсөлдөгчид энэхүү гурван талт дээд хэмжээний уулзалтыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй, нөлөөллөө алдаж эхэлсэн ерөнхийлөгчийн олон улсын тавцанд байр сууриа сэргээх гэсэн оролдлого, ердөө л зураг авхуулах төдий арга хэмжээ байсан гэж дүгнэжээ. Ялангуяа Украинд цуст дайн өдөөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа "миний найз" гэж тал зассан нь олны шүүмжлэл, доог тохууг дагуулсан юм. Энэхүү хэвлэлийн хурал нь айлчлалынхаа талаар эерэг ойлголт өгч, АНУ-д ямар ашиг тустай болохыг тайлбарлаж, олон нийтийн дунд үүсээд буй сөрөг ойлголтыг өөрчлөх зорилготой байв. Трампын нам завсрын сонгуульд хүнд ялагдал хүлээснээр Ардчилсан Намын хяналтад Конгресс шилжиж, Цагаан ордныг чиглэсэн олон төрлийн шалгалт эхлэхэд ойрхон болоод байгаа үед Азийн айлчлал болсон юм. Ши Жиньпин, Путин нартай хамт том дугуй ширээний ард суухдаа Трамп анхны ийм уулзалтаар гурван удирдагч "түүх бүтээж байна" хэмээн хэлж байлаа. Трамп үүнийг их гүрнүүд дэлхийн асуудлуудыг шийдвэрлэж буй үйл явц мэтээр тайлбарласан ч уг уулзалтаас "Энх тайвны тунхаглал" гэх товч баримт бичгээс өөр дорвитой үр дүн гараагүй юм. Уг тунхаглалд цөмийн зэвсгийг хураах яриа хэлэлцээний талаар дурдаж, НҮБ-ыг шинэчлэн өөрчлөх, мөн Украины дайнтай холбогдуулан Путинийг баривчлах захирамж гаргасан Олон Улсын Эрүүгийн Шүүхийн үйл ажиллагааг хязгаарлах талаар дурдсан байлаа. Харин дэлхий нийтийн гол асуудал болоод буй Украин, Ираны дайнуудыг зогсоох талаар ганц ч үг үсэг дурдагдаагүй юм. "Трамп дэлхийн тавцанд шившгээ дэлгэлээ" гэж төлөөлөгчдийн танхимын Ардчилсан Намын гишүүн Кэтрин Кларк сошиал хуудсандаа бичжээ. "Ираны дайныг зогсоох талаар юу ч алга. Украинд туслах талаар юу ч алга. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар юу ч алга. Харин зүгээр л дарангуйлагчдыг өөгшүүлсэн байна” гэж тэр шүүмжилсэн юм. CNN суваг энэ уулзалтыг Трампын хувьд "зураг авхуулах"-аас өөр ач холбогдолгүй зүйл байсан бол Ши, Путиний хувьд "дэлхий дахины хүчний тэнцвэрийг өөрчлөх гэсэн тэдний алсын харааг баталгаажуулсан явдал" болсон гэж дүгнэжээ. Нью-Йорк Таймс сонины нийтлэлч Эдвард Вон энэ уулзалтыг Трампын нүдний өмнө Ши, Путин нар "Америкийн цорын ганц супер гүрний үүргийг булааж, дэлхийн дэг журмыг өөрчилж байгаагаа харуулсан хэрэг" гэж дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч Трампын талыг баримтлагч консерватив суваг Fox News уг дээд хэмжээний уулзалтыг "дэлхийн дипломат харилцааны түүхэн мөч" гэж магтжээ. Эх сурвалж: AFP

Read full article →