Өрнөдийн цэргийн сургуулилалт явагдаж буй Польшийн нутагт Оросын пуужин унажээ
Баасан гарагийн өглөө Польшийн агаарын орон зайд гурван объект нэвтэрсний нэг нь Оросын далавчит пуужин байсныг Варшавын эрх баригчид мэдэгджээ. Тус улсын ерөнхий сайд Дональд Туск тухайн бүс нутагт Өрнөдийн цэргийн сургуулилалт явагдаж байх үед ийм явдал тохиолдсоныг санамсаргүй хэрэг биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хүний амь нас хохироогүй, ямар нэгэн хохирол учраагүй ч Варшавын эрх баригчид энэ үйл явдлыг Москвагийн зүгээс үйлдсэн "өдөөн хатгалга" гэж тодорхойлжээ. Орос улс Украины нутагт 2022 онд дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын дайралтуудынхаа нэгийг явуулж байх үед энэхүү зөрчил гарсан бөгөөд Оросын тал одоогоор үүний талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш мэдэгдэлдээ "Х-101" загварын пуужин “Украины хилээс 50 орчим километрийн зайд орших, Польшийн зүүн өмнөд хэсгийн Новы Липовец тосгоны ойролцоох эзгүй газарт туссан” гэжээ. Нарийн тусгалтай уг далавчит пуужин орон нутгийн цагаар 06:30 цагийн орчимд унасан байна. Тус нутгийн оршин суугч Натали Шпонар хүүхдүүдээ сургуульд нь явуулахаар бэлдэж байх үед "исгэрэх чимээ сонсогдож, дараа нь бүдэгхэн цохилтын чимээ сонсогдсон” тухай ярьжээ. Пуужин унасан мөч фермийн хяналтын камерт бичигдсэн бөгөөд оршин суугчдад ямар ч аюул учраагүй болохыг албаныхан баталсан байна. Мөн Новы Липовецээс баруун зүгт орших Рудник над Санем хотын ойролцоо өөр нэг пуужин байж болзошгүй объект унасан бол, өмнөд хэсэгт Молодыч тосгоны ойролцоо тийрэлтэт хөдөлгүүртэй дрон унасныг Косиняк-Камыш мэдээлжээ. Тэрбээр Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн энэ үйлдлийг Оросын зүгээс үйлдсэн "өдөөн хатгалга" гэж нэрлээд НАТО-гоос нэмэлт дэмжлэг хүсэхээр төлөвлөснөө нэмж мэдээлсэн байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "Польшийн агаарын орон зайг ноцтойгоор зөрчсөн" үйлдлийг буруушааж, хариу арга хэмжээ болгон НАТО-гийн сөнөөгч онгоцнуудыг хөөргөснөө мэдээлжээ. Бямба гарагт Варшавт айлчлахаар төлөвлөж байгаа Рютте "Энэ үйл явдал нь Орос улс Украины эсрэг үргэлжлүүлэн явуулж буй дайны үр дагавар бөгөөд маш аюултай зүйл юм" гэж хэлсэн байна. Одоогоор Польшийн зүүн өмнөд хэсэгт Их Британи, Франц улсуудын удирдлага дор "Koalicja 2026" нэртэй цэргийн сургуулилалт болж байгаа бөгөөд үүнд ирээдүйд Украинд энхийг сахиулахад оролцох хүсэлтэй “Сайн дурын эвсэл”-ийн 11 улсын төлөөлөл оролцож байгаа юм. "Эдгээр зүйлс Польшийн цэргүүдийн дэмжлэгтэйгээр 'Сайн дурын эвсэл'-ийн (Coalition of the Willing) цэргийн сургуулилт болж буй Нова Демба хотын ойролцоо унасан нь санамсаргүй тохиолдол биш юм" гэж Туск өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үүнээс хойш хэдэн цагийн дараа Их Британи, Франц, Польш, Эстони, Литва улсын батлан хамгаалахын сайд нар уг цэргийн сургуулилалт болж буй талбайд хүрэлцэн ирсэн байна. Их Британийн батлан хамгаалахын сайд Уэс Стритинг болсон явдлыг "Европыг хагалан бутаргах, мөн Украины холбоотнуудыг эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийг нь дэмжихээс нь няцаах зорилготой Оросын өдөөн хатгалгын бас нэг жишээ" гэж тодорхойлжээ. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста мөн Польшийн ард түмэнтэй "эв санааны нэгдэлтэй" байгаагаа илэрхийлээд дайныг дуусгахын тулд Орос улс хэлэлцээрийн ширээний ард суух ёстойг сануулсан байна. Польшийн агаарын орон зай зөрчигдсөн энэ үйл явдал Берлин хотноо 40 улс оролцсон "Сайн дурын эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалт болсноос хойш нэг хоногийн дараа тохиожээ. Тус уулзалтаар холбоотнууд Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амласан бол Орос улстай хийх энхийн яриа хэлэлцээг удахгүй төвийг сахисан аль нэг улсын газар нутагт хийх хэрэгтэйг канцлер Фридрих Мерц онцолсон юм. Баасан гарагт Оросын пуужин болон дронууд Днепр мөрнийг дамнасан Киевийн гурван гүүр, мөн Львов хотын нэгэн өртөөг онилсны улмаас дор хаяж найман хүн амиа алджээ. Энэ нь эзлэгдсэн Крымийн хойгийг Оростой холбодог Керчийн гүүр Украины цохилтод эвдэрсний дараа ерөнхийлөгч Владимир Путиний амласан хатуу хариу арга хэмжээ бололтой. Украины дайн Польшийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн анхны тохиолдол энэ биш юм. Долдугаар сард мөн далавчит пуужин Польшийн нутагт унаж, 10 метрийн өргөн тогоо үүсгэж байсан удаатай. Тухайн үед Оросын тал Украины баруун хэсэгт орших Львов хот руу довтолж байсан юм. Гэхдээ ийм үйл явдлын улмаас Польшид хүний амь нас хохирсон тохиолдол ховор байдаг. 2022 оны арваннэгдүгээр сард Польшийн хоёр фермер пуужинд өртөж амиа алдсан хэрэг гарч байжээ. Баасан гарагт Молдов улсын эрх баригчид тус улсын агаарын орон зайд халдсан хэрэг гарсныг бас мэдэгджээ. Тухайлбал Оросын арми Украин руу довтлох үеэр нэгэн нисгэгчгүй онгоц Молдовын агаарын орон зайд хэсэг хугацаанд нэвтрээд буцсан гэнэ. Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш Молдов улсын батлан хамгаалах яам ийм төрлийн 118 зөрчлийг бүртгэсэн байна. Эх сурвалж: BBC
