FIBA Asia Cup 2029: Монгол Улсын шигшээ баг эх орныхоо талбайд өрсөлдөнө
Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд 2026 оны 11 дүгээр сарын 26, 27, 29-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын M bank arena-д зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг эх орныхоо талбайд өрсөлдөж, Азийн хүчирхэг багуудын эсрэг тоглох юм. Тэмцээнд Монгол, Хонконг, Малайз, Тайланд, Индонез, Фижи улсын шигшээ багууд оролцох бөгөөд гурван өдрийн турш нийт есөн тоглолт M bank arena-д болно. Монголын сагсан бөмбөгийн одод нэг багт нэгдэнэ. Энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлуудын нэг нь олон улсын тавцанд хүч сорьж буй Монголын шилдэг сагсан бөмбөгчид үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд нэгдэн, эх орныхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох гэж буй явдал юм. Тэр дундаа NBA G league-н багт нэгдсэн Монголын анхны тоглогч Ш.Энхийн-Од NBA G League-н тамирчин статустайгаар анх удаа эх орондоо, үндэсний шигшээ багийнхаа өмсгөлтэй талбайд тоглох гэж байгаа нь энэ удаагийн тэмцээний хамгийн их хүлээлт үүсгэж буй онцлох үйл явдлуудын нэг болж байна. Мөн энэ удаагийн тойрогт Өмнөговийн хүлгүүд багийн дасгалжуулагч Э.Ариунболд Монгол улсын өргөтгөсөн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа нь сагс сонирхогчдын дунд ихээхэн сайшаалтай байна. Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн төлөөлөл болсон эдгээр тамирчид нэг баг болон талбайд гарах нь спорт сонирхогчид, тэр дундаа залуу үеийнхний хувьд онцгой үйл явдал болох юм. Эх орныхоо талбайд, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын шигшээ баг 11 дүгээр сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын шигшээ багтай тус тус 19:00 цагаас тоглоно. Өөрийн талбайд, мянга мянган хөгжөөн дэмжигчдийн уухайн дор өрсөлдөх нь Монголын шигшээ багийн хувьд томоохон давуу тал төдийгүй эх орныхоо нэрийг Азийн тавцанд өндөрт өргөх боломж юм. Энэхүү тэмцээн нь зөвхөн олон улсын сагсан бөмбөгийн тоглолтууд төдийгүй Монголын спортын хөгжил, үндэсний шигшээ багийн үнэ цэн, хөгжөөн дэмжигчдийн нэгдлийг харуулах онцгой үйл явдал байх болно. Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь 11 дүгээр сарын 26 | 19:00 - Монгол vs Индонез Тасалбар авах холбоос: Talon Tickets 11 дүгээр сарын 27 | 19:00 - Хонконг vs Монгол Тасалбар авах холбоос: Talon Tickets 11 дүгээр сарын 29 | 19:00 - Монгол vs Малайз Тасалбар авах холбоос: Talon Tickets Байршил: M bank arena, Улаанбаатар хот Тэмцээний өдрүүд: 2026 оны 11 дүгээр сарын 26, 27, 29 Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчид та бүхнийг үндэсний шигшээ багаа эх орных нь талбайд уухайлан дэмжиж, Азийн шилдэг багуудын өрсөлдөөнийг дэргэдээс нь үзэхийг урьж байна. НЭГ БАГ. НЭГ ЗОРИЛГО. НЭГ МОНГОЛ
