Depository of News

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг 53.3 хувийн саналаар дэмжлээ

ikon.mn · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж байна. Энэ үеэр Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 90 гишүүн оролцож, 53.3 хувийн саналаар дэмжигдлээ. Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Мөн тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг хэлэлцэхийг эсэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н..Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлжээ. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах болсон шалтгаанаа хууль санаачлагч дараах байдлаар танилцуулсан байдаг. Уг танилцуулгад: Усны хэрэглээний ихэнх хувийг газар доорх усаар хангаж байгаа нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, сав газрын менежмент, мэдээлэл, хяналт, ус дахин ашиглалт болон эдийн засгийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар боловсронгуй болгох шаардлага нь энэхүү төслийг боловсруулах үндэслэл болсон. Хуулийн төслөөр усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомсдолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулахыг зорьж байна. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгалаа. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах чиглэлийг тусгалаа. Олон улсын туршлагаас сав газрын нэгдсэн менежмент, усны эдийн засгийн зохицуулалт, мэдээлэл, цахим мониторингийн тогтолцоог Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн харгалзан үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна. Нөгөө талд, хуулийн төсөл батлагдвал олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэйг зарим гишүүн хэлж буй. Ганц жишээ дурдахад уул уурхайн салбарт газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглож багаа нь манай улсын хамгийн том төсөв бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай зөрчилдөхөөр байгаа юм. Хуулийн төслийг энэ хэвээр баталбал газар доорх цэнгэг усанд түшиглэсэн уурхай, баяжуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл тасалдах, өөр эх үүсвэргүй тохиолдолд зогсох, хөрөнгө оруулалт, ажлын байр, экспорт, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг гишүүд хэлж байгаа. ШУУД ҮЗЭХ:

Read full article →