Depository of News

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно

ikon.mn · politics

Хугацаанаас өмнө Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн У.Хүрэлсүх төрийн тэргүүний тамгаа УИХ-ын дарга С.Бямбацогтод шилжүүлэн өгчээ. С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхдээ ямар хуулийн зохицуулалтаар ажиллах талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "1993 онд Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан заалтын дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Дараагийн шинэ Ерөнхийлөгчийг ард түмний санал хураалтаар сонгож, УИХ баталгаажуулж томилох хүртэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхтэй. Анх удаа үүсэж буй харилцаа учраас хуулийн хүрээнд яаж зохицуулах уу, яаж үүрэг гүйцэтгэх үү гэдэгт анхаарч ажиллана. Юуны өмнө ард түмнээ амар тайван байлгах, Монгол Улсын бүрэн эрхт байдалд анхаарна. Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдээс хэрэгжүүлнэ. Бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй байх зарчим барьж ажиллана. Анх удаа ийм тохиолдол үүссэн учраас хуулийн зохицуулалт шаардлагатай. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй. Бусад хуульд зааснаар 45 бүрэн эрхтэй юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хэрхэн үүрэг гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно. Ерөнхийлөгчийн тамгыг 11:00 цагийн үед гардаж авлаа. УИХ-ын тамгын газар хуулийн шаардлагатай зохицуулалт хийх боломжийг судлаад танилцуулна. Энэ хүрээнд хууль санаачлагдана. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын даргад нэр дэвших үеэр тодорхой илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ" гэв.

Read full article →