Depository of News

Б.Бат-Эрдэнэ: Бүх амьтан "тэгш эрх" гэж орилох үед сэтгэл эмзэглүүлэм мэдрэмж төрдөг

ikon.mn · world

Английн зохиолч Жорж Оруэллийн сонгодог уран бүтээлүүдийн нэг бол “Амьтны ферм” юм. Эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан уг жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглож байгаа билээ. Жүжгийн ерөнхий найруулагч Т.Цэнд-Аюуш Т.Цэнд-Аюуш, зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллаж байгаа бөгөөд Долма театр есөн тоглолтын ард гараад байна. Энэ жүжигт цүнх баригч буюу тахианы дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Бат-Эрдэнэтэй жүжгийн талаар ярилцсанаа хүргэж байна. - Жорж Оруэллийн Амьтны ферм хэмээх дэлхийн сонгодог, улс төрийн егөөдөл бүхий зохиолыг тайзны бүтээл болгох багт орж ажиллах саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ? - Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд анх удаа тайзны уран бүтээлд орж байна. Жүжгийн продюсер Ганди манай ангийн охин. Надад урилга ирэхээс өмнө жүжгийн уншлага эхэлчихсэн байсан. Ганди нэг өдөр залгаад Төмөр замд хүрээд ажлын санал байна гэсэн. Би жүжгийн зохиолыг мэддэг байсан болохоор хамтарч эхэлсэн. Ийнхүү есөн тоглолтын ард гараад одоо хаалтын зургаан тоглолт үлдээд байна. - Амьтны ферм зохиолыг уншаагүй хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүст зориулаад энэ жүжгийн утга агуулга болоод ямар үйл явдаг гардаг талаар ярьж өгнө үү? - Ерөнхийдөө нийгмийн давхарга, авлига хээл хахуулийг харуулдаг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна. Олон улсад Жорж Оруэллийн зохиолоос санаа авч бүтээсэн хүүхэлдэйн кинонууд байгаа. Урлагийн хүмүүс нийгмийг цэвэрхэн тодоор шүүмжилж хүргэх ёстой. Энэ агуулгаар Амьтны ферм жүжгийг өнөөгийн манай нийгмийн цаг үед тохирно гэж бодсон. Хүмүүс ирж үзээд өөрийгөө нийгмийн аль хэсэгт явж байгаагаа тольдох боломжтой. Би фермийн тахианы дүрд тоглосон. Хэрэгтэй газар нь тоншдог. Өөртөө ашигтай газар л очиж тоншдог дүрийг бүтээсэн. Шууд утгаар нь яривал цүнх баригч гэж болно. Жүжигчний мэргэжил судалгаанд тулгуурлаж аливаа зүйлийг хийх шаардлагатай байдаг. Энэ жүжгийн хувьд судалгааны зүйлс нь бэлэн байсан. Яг л манай нийгэмд өрнөж буй процесс учраас тэр. Миний дүр энэ нийгэмд байсан, цаашдаа байх л байх. Гэхдээ битгий байгаасай гэсэн үүднээс зорьж хийсэн. Жүжгийн хамгийн оргил хэсэг бол Сквилер гэх гахай хамгийн сүүлд зүтгэсээр байгаад эрх мэдэлд очдог. - Амьтны дүрийг тайзнаа гаргахад гаднах хөдөлгөөн, дуу авиаг дуурайхаас илүү тухайн амьтнаар төлөөлүүлсэн хүний мөн чанар, сэтгэл зүйг гаргах нь чухал байдаг. Та энэ тэнцвэрийг хэрхэн барьж ажиллав? - Мета драм жүжгийн гол онцлог бол үзэгчидтэй шууд харьцаж, нэгэн цул болох явдал юм. Үзэгч орж ирээд жүжиг үзэхэд жүжиг биш мэт мэдрэмж өгөх үндсэн зорилготой байдаг. Амьтны ферм жүжигт харьцангуй туршлагатай хүмүүс ажилласан. Тухайлбал гол дүрүүдэд П.Эрдэнэзаан, Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж ажилласан учраас жүжгийн уур амьсгал, дуу чимээг маш сайн бүтээсэн. Мета драм төрөлдөө сайн уран бүтээл болж чадсан. "Амьтны ферм жүжиг Тусгаар тогтнолын ордонд тоглогдож байна гэхээр хүмүүст сонин санагдаж байгаа юм шиг байсан" - Танай жүжиг эрх баригч намын байранд тоглож байгаа нь сонирхолтой санагдлаа. Яагаад заавал ийм утга агуулгатай жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглохоор болсон бэ? - Анх жүжгээ тоглох газар хайгаад явж байх үед тайзтай газрууд гэрээгээ хийгээд дуусчихсан байсан. Бидэнд олдсон ганц боломж нь Тусгаар тогтнолын ордон. Амьтны ферм жүжиг Тусгаар тогтнолын ордонд тоглогдож байна гэхээр хүмүүст сонин санагдаж байгаа юм шиг байсан. Дээрээс нь намын байранд тоглож байгаа юм чинь намын санхүүжилттэй юм уу гэсэн сэтгэгдлүүд ирж байгаа. Ерөөсөө ийм зүйл байхгүй. 100 хувь өөрсдөө хөрөнгөө гаргаад хийсэн. Жүжгийн нэг ивээн тэтгэгчээр Шүүдэр сан орж ирсэн. Харин Тусгаар тогтнолын ордонд тоглож эхэлсний дараа намын байранд ингэж болох уу гэсэн гомдлууд ирсэн гэсэн. Манай жүжгийн гахай, тахианы дүрийг хараад намынхаа удирдлагуудад хүргэж байгаа байх. Гэхдээ биднийг ямар нэгэн байдлаар зогсоо гэж шахаж шаардаагүй. - Жүжигт гарч буй эрх мэдэл, тэгш бус байдал, ухуулга сурталчилгааны сэдвүүдээс жүжигчин хүний хувьд таныг хамгийн их эмзэглүүлсэн эсвэл нэгийг бодогдуулсан хэсэг аль нь вэ? - Тэгш эрх. Бид эрх чөлөөтэй нийгэмд амьдарч, ажиллаж байгаа. Дуртай үедээ Төв талбай дээр очоод жагсаал цуглаан хийж болж байна. Харин тэгш эрхтэй гэвэл үгүй. Жүжгийн нэгдүгээр үзэгдлийн араас бүх амьтан "тэгш эрх" гэж орилдог. Яг энэ үед залуу хүний хувьд маш сэтгэл эмзэглүүлэм мэдрэмж төрсөн. Тэгш эрх гэдгийг жүжигт хууль, албан тушаал хэн нэгнийг ялгахгүй адилхан үйлчилдэг байх ёстой гэсэн санааг тод харуулна. - Жүжгийг үзээд гарч буй үзэгч ямар мэдрэмж, ямар асуултыг өөртөө тээж гараасай гэж та хүсэж байна вэ? - П.Эрдэнэзаан ах жүжгийн сүүлийн хэсэгт монолог уншина. "Хэзээ бид гахайнуудын толгойгоор боддог болчихсон юм бэ" гэдэг. Ер нь хэзээ бид дээр байгаа албан тушаалтай хүмүүсийн толгойгоор боддог болчихсон юм бэ гэсэн утга санаа юм. Мөн "Чи энэ фермийн аль хэсэгт байна вэ" гэдэг. Үзэгчид үүнийг мэдрээд гараасай. Энэ нийгэм чимээгүй урсгалаараа өнгөрч байгаа атал цаагуураа маш олон зүйл явагдаж байдаг. Нийгмээ бүрэн харж, сэрж, ухаарч байгаасай. Хэрэв чиний байгаа газарт нэг зүйл буруу байвал эсэргүүцээд ядаж өөрийнхөө дуу хоолойг хүргэж сураасай. - Тайзны ард маш их сонирхолтой үйл явдлууд болж байдаг. Ялангуяа жүжгийн бэлтгэлийн үед тохиолдсон хөгжилтэй зүйл байвал хуваалцана уу? - Ц.Ганзориг ахын хөгжилтэй зүйл их байсан. Манай баг жүжиг тоглогдохоос нэг сарын өмнө бэлтгэлдээ орсон. Бэлтгэл эхлэхэд Ц.Ганзориг ах тэмцээний үе шигээ тайзан дээр гоё биетэй гарна гэсэн зорилго тавьсан. Гэвч ахын маань дэглэм ердөө дөрвөн хоног л үргэлжилсэн. Дэглэм барьсан үед хориотой гэсэн бүх хоолыг идсэн дээ. Тэгсэн нэг өдөр ах маань "одоо ёстой дэглэмдээ орно, гурил хэрэглэхгүй" гэж шийдлээ. Нэг өдөр өдрийн хоолонд цуйван ирсэн чинь П.Ганзориг ах идэхгүй, дэглэмтэй гэдэг юм байна. П.Ганзориг ах бүх хүнд хоол тарааж өгчхөөд өөрөө алга болчихлоо. Манайхан гайхаад хайж байсан чинь тайзны хойно оччихсон ганцаараа цуйван идэж байдаг юм байна. Хоолоо хүнд захиад авчихсан идэж байж таарсан. Халбага, сэрээ ч байхгүй гараараа хурдан идэж байхад нь барьж авсан даа. - Жүжигчин хүний хувьд ямар дүрд тоглохыг мөрөөддөг вэ? - Тайзны уран бүтээл гэвэл Ш.Гүрбазар гуайн Жаргаагүй нар түүхэн эмгэнэлт жүжгийн Нацагдоржийн дүрд тоглохыг мөрөөддөг. Дэлгэцийн уран бүтээл гэвэл Ногоон нүдэн ламд тогломоор байна. Дунд сургуульд байхаасаа зохиолыг нь уншиж, дотроо төсөөлсөн.

Read full article →