Ц.Төвшинтөр: Сэлбэ дэд төвийн 31 блок дулаанд холбогдож, дотор заслыг хийх боломж бүрдэж байна
Сэлбэ дэд төвийн орон сууцны 31 блок барилга дулааны эрчим хүчээ авч эхэлжээ. Тус төвийн дулаан хангамжийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээс авахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид буюу энэ онд Сэлбэ дулааны станцад холбогдож байгаа аж. Тус станц 2021 онд ашиглалтад орсон байна. Энэ тухай станцын захирал Ч.Дарханбаатар: Манай станц одоогоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх, аж ахуйн нэгж зэрэг нийт 52 байгууллагыг дулаанаар хангадаг. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд станцад урсгал болон их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Одоо Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн барилгуудыг дулаанаар хангаж байна. Сэлбэ дэд төвийн хяналтын инженер Ц.Төвшинтөр " 2026-2027 оны халаалтын улиралд бэлэн болсон барилгууд маань эхнээсээ дулаанаа авч байна. Ингэснээр энэ өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Суурь дэд бүтэц болох халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтын ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Харин энэ онд төслийн төлөвлөгөөний дагуу халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна" гэв. Харин 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сарын байдлаар 70 хувьд хүрсэн арванхоёрдугаар сарын сүүлчээр станцын эхний туршилт тохируулгыг хийж дуусгахаар төлөвлөснийг мэдээлээд байгаа юм.
