Depository of News

Өмнөд Солонгосын хуулийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан залуу амиа алдсаныг цагдаа нар олжээ

ikon.mn · world

Өмнөд Солонгосын мэргэжлийн шалгалтын хамгийн дээд оноог хиймэл оюуны хэрэгсэл ашиглаж авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байсан эрэгтэй нас барсныг Пүрэв гарагт цагдаа нар олжээ. Сөүлийн Үндэсний Их сургуулийн оюутан И Жин Вү сураггүй алга болсон тул цагдаа нар Лхагва гарагийн оройгоос эхлэн хайж байсан юм. Тэрбээр өмнө нь өөрийгөө хуулаагүйг батлахын тулд Пүрэв гарагт болох их сургуулийн элсэлтийн шалгалтын (CSAT) асуултуудад шууд дамжуулалтын камерын өмнө хариулж харуулахаа мэдэгдээд байсан юм. Зүрх нь зогссон түүнийг Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт орших Чонхо өртөөний ойролцоох нэгэн зочид буудлаас 13:12 цагийн орчимд цагдаа нар олжээ. Хэргийн газраас түүний бичсэн байж болзошгүй зурвас олдсон бөгөөд уг зурваст тэрээр "бие махбод болон сэтгэл санааны хувьд туйлдаа хүртэл ядарсан" тухайгаа товч бичсэн байв. 32 настай И нь Өмнөд Солонгосын хуулийн сургуулиудад элсэхэд шаардлагатай "Хууль зүйн боловсрол эзэмших чадварын шалгалт" (LEET)-д хамгийн өндөр оноо авснаараа олон нийтийн анхааралд өртөөд байсан юм. Тэрбээр мөн өнгөрсөн онд CSAT шалгалтад ганцхан асуулт дээр алдаж, Сөүлийн Үндэсний Их Сургуульд шүдний эмчийн мэргэжлээр суралцах эрхээ авч байжээ. Тэр өмнө нь CSAT шалгалтыг өгөхдөө тийм ч сайн үр дүн үзүүлж байгаагүйгээ ярьж байсан гэдэг. И бизнес нь бүтэлгүйтсэний дараа Өмнөд Солонгос даяар гурван долоо хоногийн турш явган аялсны үр дүнд сурлага нь эрс сайжирсан гэж тайлбарлаж байжээ. Тухайлбал тэр аяллынхаа үеэр гар утсаа гээж, дижитал төхөөрөмжүүдээс ангид олон арван километр алхсанаар танин мэдэх, суралцах чадварт нь өөрчлөлт гарсан гэж ярьж байв. Үүний дараа тэр өнгөрсөн оны CSAT шалгалтад бараг төгс оноо авч байжээ. Хожим тэр шалгалтын үр дүнгээ сайжруулсан нууцаа дэлгэрэнгүй тайлбарласан "Brain Accel" (Тархины хурдасгуур) хэмээх ном бичсэн нь борлуулалтаараа тэргүүлж байв. Энэ жилийн татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын шилдэг оролцогч хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглан хуурч мэхэлснээ хүлээн зөвшөөрсөн нь энэ асуудлыг Өмнөд Солонгосын нийгмийн анхаарлын төвд оруулсан юм. Энэ мэдэгдлийн дараа И аюулгүй байдалдаа санаа зовж буйгаа илэрхийлсэн тул цагдаа нар Сөүлийн Гванак дүүрэгт байрлах түүний гэрт очсон боловч тэр байгаагүй байна. Цагдаа нар түүнийг нас барсан ч шалгалтын үр дүнд луйвардсан байж болзошгүй хэргийг нь үргэлжлүүлэн шалгахаа мэдэгджээ. Сөүлийн хотын Боловсролын газар Пүрэв гарагт цагдаагийн газрын хүсэлтээр Игийн 2026 оны CSAT шалгалт өгсөн Янхун ахлах сургуульд түүний шалгалтын материалыг авч хадгалах даалгавар өгсөн байна. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Сон Сүк өнгөрсөн жилийн CSAT шалгалтын бүх материалыг хамгаалалтад авч, хадгалахыг боловсролын яамандаа даалгажээ. Дээрх дуулиануудын улмаас Пүрэв гарагт Өмнөд Солонгос даяар зохион байгуулагдсан их сургуулийн элсэлтийн шалгалт урьд урьдынхаас илүү чанга хараа хяналт дор болсон юм. Шалгалтын танхим бүрд ухаалаг нүдний шил гэх мэт хиймэл оюуны дижитал хэрэгслийг хянах нэмэлт хүмүүс ажиллаж, утасгүй интернэтийн сүлжээг хаасан байна. Эх сурвалж: Korea Times

Read full article →