Depository of News

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

ikon.mn · world

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар түүхэн гурван талт уулзалтынхаа дараа "энх тайвны хамтарсан тунхаглал" гаргажээ. Гурван улсын удирдагчид Пүрэв гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад улсын зүүн өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотод 90 минутын турш уулзсан юм. Ерөнхийлөгч нар өмнө нь хоёр талын уулзалтуудыг хийж байсан хэдий ч энэ удаагийнх нь анхны гурван талт хэлэлцээ болж байна. Тус тунхаглалд "цөмийн дайнд ялах боломжгүй бөгөөд ийм дайныг хэзээ ч өдөөж болохгүй" гэж тэмдэглэхийн зэрэгцээ газрын тосны олборлолт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэд дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудын эсрэг илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд "НҮБ-ыг шинэчлэхэд тууштай хандана" гэдгээ мэдэгдсэн байна. Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд төрийн албан тушаалтнуудын эдэлдэг халдашгүй дархан эрхийн асуудлыг хөндөж, "Олон Улсын Эрүүгийн Шүүх болон бусад ижил төстэй байгууллагууд өөрсдийн харьяаллын хүрээг урвуулан ашиглах ёсгүй" гэдэг дээр талууд санал нэгджээ. Трамп "Air Force One" онгоцоор Вашингтон руу буцах замдаа сошиал хуудсаараа дамжуулан энэхүү гурван талт уулзалтыг "маш чухал, өндөр ач холбогдолтой" хэмээн үнэлжээ. Мөн тэрбээр Баасан гарагт Цагаан ордонд хэвлэлийн хурал зарлаж, айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна. Хятадад байх хугацаандаа Трамп гурван талт уулзалтын өмнө Путинтэй уулзсан бөгөөд энэ нь 2025 оны наймдугаар сараас хойших тэдний анхны уулзалт байв. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Оросын төрийн тэргүүнийг "найз" хэмээн тал засжээ. Тэрбээр мөн Ши Жиньпинтэй тусгайлан уулзаж ярилцсан бөгөөд хоорондын харилцаагаа "маш онцгой" хэмээн тодорхойлсон байна. Хэдийгээр уулзалт найрсаг уур амьсгалтай, харилцан хүндэтгэлтэй болсон ч гурван удирдагчийн хувьд энэхүү уулзалтад оролцох зорилго, сэдэл нь өөр өөр байв. Гурван талт уулзалтын эхэнд хэлсэн үгс нь хаалттай хаалганы цаана юу хэлэлцэх гэж байгаа талаар тодорхой сэжүүр өгч байлаа. Бусад удирдагчдад үг хэлэх боломж олгохынхоо өмнө Ши Жиньпин "их гүрнүүдийн хоорондох эерэг харилцаа холбоо нь сонголт биш, харин зайлшгүй шаардлага юм" гэж хэлжээ. Дараа нь Путин ярихдаа Украины дайныг дуусгах нэгдсэн ашиг сонирхол, мөн хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх гэж байгаагаа дурдсан байна. Орос улс 2022 онд Украины эсрэг дайн өдөөснөөс хойш Хятад улс албан ёсоор төвийг сахисан байр суурь баримталсаар ирсэн. Тус улс Киев болон түүний холбоотнуудын зүгээс гардаг "Москваг далд хэлбэрээр дэмжиж байна, тухайлбал Оросын армид ашиглагдаж болох давхар зориулалттай технологийг нийлүүлж байна" гэх мэт буруутгалуудыг няцаасаар ирсэн юм. Бээжин мөн Оросын түрэмгийллийг буруушаахаас зайлсхийхийн зэрэгцээ яриа хэлэлцээ хийх, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг удаа дараа уриалсаар иржээ. Трамп ярианыхаа төгсгөлд дэлхийн хамгийн том гурван улсын ерөнхийлөгч нар үр дүнтэй яриа хэлэлцээг хадгалах "онцгой үүрэг хариуцлага"-тай болохыг онцолсон байна. Тэрбээр "Өмнөх удирдагчид санал зөрөлдөөнтэй улс орнуудтай яриа хэлэлцээ хийхээс зайлсхийх тохиолдол маш олон удаа гарч байсан" гээд "Харин бид үүний эсрэг байр суурьтай байна" хэмээн нэмж хэлжээ. Трамп дээрх гурван улсын цөмийн зэвсгийн чадавхыг дурдаад тэдгээр улсууд "дэлхий дахины цөмийн зэвсгийн тоог хэрхэн бууруулах талаар хэлэлцэх онцгой боломж, байр суурьтай" болохыг мэдэгдсэн байна. Тэрбээр "дэлхийн бусад улс орнуудад цөмийн зэвсэг дэлгэрэх аюултай тэмцэх" чиглэлд хамтран ажиллах нь "нэн чухал" болохыг онцлоод "Бид Ирантай холбоотой асуудал дээр яг ийм зүйлийг хийж байна. Бид Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Үүний дараа тэр Украины сэдэв рүү шилжиж, Путинтэй энэ талаар "дэлгэрэнгүй ярилцсан" гэдгээ хэлсэн байна. Путин болон "нөгөө тал ч мөн адил" энэ дайныг дуусгавар болгохыг хүсэж байгааг Трамп нэмж хэлжээ. Гурван талт уулзалтын дараа Путин хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ уг уулзалтыг "дипломат харилцааны түүхэн чухал үйл явдал" гэж тодорхойлсон байна. Тэрбээр Украин болон Европын орнууд уг мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд буулт хийхэд хараахан бэлэн болоогүй байгаа бөгөөд Европын байр суурийг илүү сайн ойлгохын тулд Орос улс Европын Холбооны төлөөлөгчдийг Москвад урьсныг мэдэгджээ. Хятадад хэлэлцээ үргэлжилж, Путин өөрөө энх тайван тогтооход бэлэн байгаагаа мэдэгдэж байх яг тэр мөчид Украины нийслэл Киев хот Оросын агаарын цохилтод өртөж байв. Путин мөн Украины зүгээс Мягмар гарагт пуужин болон дроноор довтолсны улмаас Крымийн хойгийг Оросын нутаг дэвсгэртэй холбодог Керчийн гүүр гэмтсэнийг дурдаад үүнд “маш хатуу” хариу арга хэмжээ авахаа амлажээ. Ингэхдээ тэр Орос улс сүүлийн таван жилийн турш Украины цахилгаан станц, гүүр, орон сууцны барилгуудад довтолж байгаа талаараа огт дурдсангүй. Мөн Оросын ерөнхийлөгч өөрийн биеэр Трамп, Ши Жиньпин нартай хийсэн уулзалтыг Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлт Холбоот Улс, Их Британи, АНУ-ын удирдагчид цугларсан 1945 оны Ялтын бага хуралтай харьцуулж буй асуудалд хариу тайлбар өгсөн байна. "Ялтад хэн ч дэлхийг хувааж аваагүй. Тэнд зөвхөн Дэлхийн Хоёрдугаар дайны дараа бий болсон бодит байдлыг л баталгаажуулсан хэрэг. Харин өнөөгийн мөргөлдөөнүүдийн тухайд гэвэл газар дээрх бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно” гэж тэр хэлжээ. Путин дээд хэмжээний уулзалтаас гарч, Ши Жиньпинтэй салах ёс гүйцэтгэж буйг харуулсан дүрс бичлэгийг Кремлийн хэвлэлийн алба нийтэлсэн байна. "Үүнийг зохион байгуулсанд баярлалаа. Бүх зүйл ийм сайн болно гэж хэн ч төсөөлөөгүй байх" хэмээн тэр хэлж байв. Хятадын төрийн мэдээллийн CCTV сувгийн мэдээлснээр Путин, Трамп нартай хийсэн уулзалтаа Ши Жиньпин "эерэг, бүтээлч бөгөөд өндөр үр дүнтэй" болсон гэж тодорхойлжээ. Мөн тэр "Дэлхийн Хоёрдугаар дайны үед мөр зэрэгцэн тэмцэж байсан түүх"-ийг дурсаж, гурван удирдагч "хүнд хэцүү арга замаар олж авсан энх тайвныг эрхэмлэх"-ийн чухлыг онцолсон байна. Пүрэв гарагт болсон гурван талт уулзалт нь Путиний санаачилга байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Оросын зарим хэвлэл үүнийг "дипломат ялалт" гэж нэрлэсэн байна. Учир нь Орос улс Украинд халдан довтолсноос хойш Өрнөдийн олон удирдагчид Путинийг тусгаарлахыг хичээж байсан юм. Түүнчлэн Орос улс Украинд дайн эхлүүлснээс хойш Путин анх удаа Канад, Япон, Австрали зэрэг улсын удирдагчид оролцсон олон улсын арга хэмжээнд оролцсон нь энэ боллоо. Харин АНУ-ын хууль тогтоогчид Трампын зүгээс Америкийн геополитикийн өрсөлдөгчдөд найрсаг хандсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээжээ. Бүгд Найрамдах намын сенатор Жон Кёртис мэдэгдэлдээ "Ерөнхийлөгчийн Азид хийсэн уулзалтуудаас гарсан зарим амлалт, ялангуяа цөмийн дайн хэзээ ч гарч болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал нь сайшаалтай хэрэг" гэсэн байна. Гэхдээ Кёртис мөн Трампын гадаадын удирдагчидтай харилцаж буй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлээд "Владимир Путин, Ши Жиньпин нар бол бидний найз биш" хэмээн анхааруулжээ. Сенатын гадаад харилцааны хорооны гишүүн Кёртис цааш нь "Бид тэднийг өөртэйгөө ижил үнэт зүйл, ашиг сонирхолтой хүмүүс мэтээр үзэж болохгүй. Тэгэх нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж, холбоотнуудын итгэлцлийг сулруулж, Америкийн байр суурийн талаар буруу ойлголт өгөх аюултай” гэж мэдэгдсэн байна. Мөн тус хорооны Ардчилсан Намын өндөр албан тушаалтай гишүүн Жин Шахин үүнээс ч хатуу үг хэллэг ашиглан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр X (хуучнаар Twitter) хуудсандаа "Ерөнхийлөгч Трампын 'найз' бол үнэндээ хүмүүсийн амь насыг хөнөөсөн дайны гэмт хэрэгтэн юм" гэж бичсэн байна. Эх сурвалж: BBC

Read full article →